images

Дэмбээ дийлэв, Хамбаа хамжив


     1800-гаад оны сүүл үед торгуудын ноён ван хэргэмтэй Намжаа гэдэг хүн байжээ. Баруун нутаг хошууны ноёдоос хамгийн өндөр хэргэмтэй тэрбээр ойролцоох нутаг хошуудын цэцэн цэлмэг, номч мэргэн хүмүүсийг үе үе цуглуулж цэц солилцуулан шалгаруулж, мөн тэдний үг, саналыг сонсож ухаанаа тэлэн баясдаг байж. Урианхайн баруун амбаны Балдандорж ноёны үед торгууд вангийнд очиж нутаг хошуугаа төлөөлөн цэц мэргэнээ сорихоор Дэмбээ дэмч гэдэг уран цэцэн хүн томилогдсон байна. Дэмбээ дэмч цэц булаалдахдаа гаргууд, маш уран цэцэн, гүйлгээ ухаантай, алиа хошин лам хүн байжээ. Түүнийг хэнтэй хамт явах тухай саналыг нь асуухад Оорцог сумын Төнхөн элхэний Хамбаа гэгчтэй хамт явна гэснийг ёсоор болгож, тэр хоёр нутаг орноо төлөөлөн явж одсон байна. Вангийнд очсон оройноос эхлэн Хамбаа тууль хайлж эхэлсэн бөгөөд цэц мэргэнээ сорилцоход Дэмбээ дэмч торолгүй шалгарчээ. Нутагтаа буцаж ирээд хошуу ноёндоо бараалхан “Дэмбээ дийлэв, Хамбаа хамжив” гэж айлтгасан гэдэг. 1930-аад оны үед урианхай түмэн хувьсгалаас дүрвэж Чингэл нутаг руу нүүхэд Дэмбээ дэмч “Нутаг усаа орхин нүүж болохгүй. Мал хөрөнгөө барж, амь насаа ч алдана” гээд хүмүүсийг ятгаж үл дийлээд өөрөө нүүлгүй Дэлүүний голд үлджээ. Нүүж одсон хүмүүс жилийн дараа эргэж нутагтаа ирэхэд тосож угтсан Дэмбээгээс амар мэндийг нь асуухад “Дэлүүн дүмбийгээд, Дэмбээ цэхийгээд байж л байна” гэж хариулсан гэдэг.

Ц.Бөхөө. “Түүх бүтээлцсэн ард түмэн минь” номоос