images

Монгол, Хятадын цэргийн хамтарсан сургуулилалт болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-06


   Зэвсэгт хүчний 336 дугаар ангийг түшиглэн Хятадын Ардын чөлөөлөх армитай хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургуулилтыг энэ сард зохион байгуулна. Энэ сургуулилалт нь 2009 онд Хятадад энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургалтаар эхэлж, 2013 онд Монголд гамшгийн эсрэг тэмцэх ажиллагааны сургалт, 2015 онд терроризмын эсрэг тэмцэх ажиллагааны сургалтаар үргэлжилсэн билээ. Мөн 2021 онд Хятадад болсон энхийг дэмжих ажиллагааны сургалт-дадлагад Монгол улсын Зэвсэгт хүчнээс 30 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын салаа оролцож, харилцан туршлага солилцсон юм. Энэ удаагийн хамтарсан сургуулийн онцлог нь хоёр талаас мотобуудлагын батальоны түвшинд цэрэг, зэвсэг, техник оролцуулахад чиглэсэн бөгөөд хамтарсан сургуулийг Монгол талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга Ц.Буяндэлгэр удирдана. Дашрамд дурдахад, Монголын Батлан хамгаалах яам дэлхийн 40 орчим оронтой харилцаатай байгаагаас Орос, Хятад, АНУ, Герман, Өмнөд Солонгос, Энэтхэг, Турк, Франц, Канад, Япон, Катар зэрэг орнуудтай хамтарсан сургалт-дадлага, цэргийн боловсрол олгох үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна.

Эх сурвалж: ЗХЖШ-ын хэвлэл мэдээллийн алба

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.