images

Ээжтэй хүний энгэр цоорхой явдаггүй юм


Монгол улсын хүний гавьяат эмч Түндэвийн Шатарбал гуайн хууч

     1951 оны намар миний бие Говь-Алтай аймгийн төв орж тавдугаар ангид суралцахаар шуудангийн 51 машинтай гарч өгөв. Явсаар Улаан шалын хоолой хүрч жолооч маань зээр агнаад, тэндээ хээр хонож хорхог хийх юм боллоо. Машин дээр бөөлжөөд амь наана, там цаана явсан хүүхдүүд бид ч дээлээ нөмрөөд унтаад өгөв. Унтаж байтал надтай хамт хэвтэж байсан нэг хүүхэд орилж хашгираад сэрээчихлээ. Харсан чинь бид хоёрын дээр аргалын цог үсэрч унаад түүний дээлийн хормойг, миний дээлийн энгэрийг цоо түлсэн байв. Ийн явсаар аймаг ороод сургууль дээрээ очтол нутгийн ах, Бадарч багштай таарлаа. Ахтай минь адилхан юм шиг санагдаад би бараг уйлах дөхөв. Хүүхдүүдээс нүүрээ буруулан цааш хартал Бадарч багш толгойг минь илж гараас минь хөтлөөд нэг өрөөнд оруулж орос багштай танилцуулаад улмаар Цэдэндорж багшийн ангид оруулав. Хоёр долоо хоног өнгөрсөн хойно нэг бүтэн сайн өдрийн өглөө Бадарч багш маань байранд ирж хүүхдүүдийг усанд оруулан цагаан хэрэгсэл сольж өгөөд бас цагаан өмд, цамц тааруулж өглөө. Тэгснээ миний дээлийн энгэрийн цоорхойг үзчихээд “За хө, гаанс тамхи чинь хаа байна?” гэлээ. Би дээлийнхээ энгэрийг түлсэн учир шалтгаанаа тоочлоо. Тэгтэл Бадарч багш минь “За хө, ээжтэй хүний энгэр цоорхой явдаггүй юм” гээд миний дээлийг шууд тайлуулан авч яваад, нөхөөс тавьж оёод авчирч өгч билээ. Хожим санахад Ба багш минь чухамдаа эх хүн шиг халуун дулаан, өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн байж дээ гэж бодогддог юм.