images

Нисдэг тэргийг эмээлт морь шигээ эзэмшсэн хүн


ХЦУГ-ын дарга асан, 2008-2012 онд Вьетнам улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан, доктор, профессор, хошууч генерал Паламын Сүндэвийн дурсамж

     "Монгол улсын гавьяат нисгэгч Т.Сугар анд маань нисдэг тэргийг чухам л эмээлт морь шигээ эзэмшсэн нэгэн байсан гэхэд нэг их хилсдэхгүй байх. Нэгэн удаа Сэлэнгийн отрядаас Минжийн хилийн заставын улсын хил хамгаалалттай танилцах үүрэг гүйцэтгэж харуул солих, хүнс хэрэглэл өгөхөөр 1992 оны хоёрдугаар сард бид Сүхбаатар хотоос Минжийн заставын чиглэлд нислэг үйлдэхэд замд битүү манан будантай, газар орон харагдахгүй болсон. Ингээд үүлний цоорхойгоор Хэнтийн Батширээтэд айлын гадаа буусан ба тэндээс Биндэр суманд нисэж очиж хоноод маргааш нь дахин Минж ниссэн боловч дахин битүү мананд орсон тул Сугар маань нислэгийн цагаан шугамаар тооцоо хийж, битүү манан дунд Минжид бууж билээ. Ингэхэд онгоцон дотор явсан хүмүүс Сугарт баяр хүргэж байсан. Бас нэг удаа би Булганы Тэшиг суманд ажиллахаар очиход Сугар ээлжийн амралтаараа тэнд амарч байлаа. Тэр үед түүний шавь А.Цогнэмэх дөнгөж онгоцны дарга болж байсан юм. Биднийг буцахад Сугар маань гэргий Тангадын хамт бидэнтэй цуг буцлаа. Замд өргөн фронттой их устай, манантай бороо орж онгоцонд мөстөлт үүсч онгоцны мотор унтрах аюултай байдал үүссэн юм. Энэ үед Сугар Цогнэмэхийг хоёрдугаар нисгэгчийн суудалд суулгаж өөрөө нислэгийг шууд удирдан цаг агаарын дүгнэлт хийж, нам өндөрт утасны мод даган баримжаалсаар Буянт-Ухаад газардаж билээ".

Т.Сугар. “Тэнгэрт бичсэн дурдатгал" номоос