images

Зундуй гэлэн


     Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу, одоогийн Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт Тэгшийн хийдэд шавилан суудаг байсан Жандивын Зундуй гэлэн гэдэг хүн байжээ. Бага залуу наснаасаа эрдэм мэдлэгийг эрхэмлэж, Их хүрээнд олон жил сууж, Буддын гүн ухаан, таван ухааны номыг нэвтэрхий эзэмшсэн билиг авьяас танхай хүн байжээ. 1936 оны намар цаг юмсанж. Зундуй лам хөдөө гэртээ байсан үе гэнэ. Нэгэн өдөр тэднийд “Зил-150” машин хөлөглөсөн хэдэн хүн хүрч ирээд Зундуй ламыг шууд баривчлан авч явахыг завдахад, айл саахалтын хүмүүс мэгдэн сандарцгааж, гэр орныхон нь ахиж хэзээ ч эргэж уулзахгүй боллоо гэж уй гашуу болон салах ёс хийхэд Зундуй лам огтхон ч сандарсан шинжгүй “Та нар минь бүү санаа зов. Ах чинь удахгүй хүрээд ирнэ” гэж хэлээд явсан гэдэг. Тэр үед Говь мэргэн вангийн хошуу, Дайчин бэйсийн хошууны олон арван хийдийн лам хуврагуудыг баривчлан ачиж, Эмтийн жас дээр төвлөрүүлэн зүг бүрт ачдаг байсан бөгөөд ихэнхийг нь Өмнөговийн чиглэлд авч явдаг байв. Ийнхүү Зундуй гэлэн зүг чиг нь алдарсан хугацаагүй холын албанд олон сайн нөхдийнхөө хамт ачигдахынхаа урд шөнө амьд хүн бүү хэл, араатан жигүүртэн ч ойртохын аргагүй өмхийрчихсөн хэвтэж гэнэ. Авч явсан хуягуудын ой нь гутаж “Тэртэй тэргүй өмхий зовлого байна, үүгээр ч яах вэ. Харин энэ нь л хэрэгтэй юм” гээд өвөрт нь байсан Дүйнхорын бэрээ гэгчийг аваад, өөрийг нь хаяж явжээ. Тэр нь Зундуй лам Дүйнхорын ном айлдахдаа хэрэглэдэг 70-80 см-ийн урттай, цул мөнгөн тоногтой, анхилуун сайхан үнэртэй, үнэт зандан эдлэл байв. Хэн дуртай хүн ч эдэлж хэрэглэдэггүй юм байна. Жанчивсэмбэ, Дүйнхор зэрэг олон бурхан номын чадал увдис шингэсэн маш эрхэм зүйл бололтой.

   Зундуй гэлэн эргэж гэртээ харьсан хойноо охиндоо хандаж “Тэр улс миний бэрээг удахгүй араас явуулах байх аа” гэж хэлэхэд, охин Мишигтѳмѳр нь “Аав шал дэмий юм ярьж байх юм. Ямар өгөх байтлаа аваад явчих вэ дээ. Харин эсэн мэнд эргэж ирсэн нь их аз” гэжээ. “Гэтэл үнэхээр арав гаруй хоногийн дараа нөгөө Дүйнхорын бэрээ нь захиа бичгийн хамт аймаг сумын хариуцлагатай хүмүүсээр дамжиж явсаар манайд ирсэн шүү. Миний аав хорвоод олон заяахгүй ховор эрдэмтэй хүн байсан даа, хөөрхий” гэж одоо ерэн таван насыг зооглож яваа өргөмөл охин Мишигтөмөр гуай дурсан ярьж байна.

Ц.Донжид. “Домог, хууч яриа” (2007) номоос.