images

Л.Вангантай төстэй хүн


     1977 оны намар Монгол телевизийн нэр дээр Москвагийн кино урлагийн дээд сургуульд шалгалт өгөхөөр одоо “Хонх” хамтлагийн гэвэл хүн бүхэн андахгүй мэдэх Н.Энхбаяр, С.Цогтсайхан бид хэд очиж тэр намрын хоёр сарыг киноны сургуулийн оюутны байранд өнгөрөөж билээ. Нэг үдэш намхавтар нуруутай, нимгэн цагаан царайтай, халимаг үсээ урт ургуулсан, хөгжилтэй яриатай нэгэн залуу Ленинград хотоос ирсэн, нэр нь Бадар-Ууган гээд бидэнд танилцуулахад толгой дохин мэндчилээд хөгжилтэй инээмсэглэж байсныг сайн санадаг юм. Хэзээ хойно нь телевизэд ажиллаж эхэлсэн хойно нэг өглөө баахан бичиг цаас эмхлээд сууж байтал “Чи манай Гомбо гуайн хүү гэлүү?” гээд нэг залуу мэндлэв. Урьд нь нэрийг нь олон удаа сонсож байсан, дуугаар нь эчнээ танил болсон Б.Бадар-Ууган найруулагч тэр байлаа. Ууган маань киноны тухай их сайн мэддэг. Түүнийг эвлүүлгийн өрөөнд ирж суух бүрд бид хоёр уулзаж ярилцдаг болов. Бадар-Уугантай уулзаж ярьж хөөрч суухад заримдаа Л.Ванган гуай ийм хүн байсан болов уу гэж санагддаг байлаа. Намайг бага байхад манайх Ванган гуайнхтай зусланд нэг дор байдаг байв. Манай жүжиг, киноны нэрт найруулагч, зохиолч, ховорхон авьяастай хүн байсан билээ. Зуслангийн унаа орой ирэхэд Ванган гуай гэртээ орж цайгаа уучихаад бидний хэдэн хүүхдийг дагуулж Хүрхрээгийн гол дээр очно. Хүүхдүүдээр юм яриулж, өөрөө үлгэр домог, сонин хачин түүх ярьж, хүүхэд их сонждог, их асууж яриулдаг хүн байсан санагддаг юм. Б.Бадар-Ууган маань яагаад ч юм надад гадаад төрх байдлаараа төдийгүй ярьж хэлэх, юмыг ургуулан бодож зохиож ярих талаар Л.Ванган гуайтай төстэй байсан юм шиг санагддаг билээ.

Гомбын Золжаргал. “Холоос тээсэн бодол” номоос