images

Ээжийн үзсэн гадаад


УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хуучаас

     Отгоог Эрхүүд оюутан байх үед тарваганы арьс хэд нугардаг ашигтай наймаа байлаа. Худалдаагаар амьсгалж өссөн манай гэр бүлийнхэн мэдээж энэ боломжийг юу гэж алдах вэ. Бид Увс руу таньдаг хүмүүстээ тарваганы арьс захиж авахуулна. Ээж ваннанд ус дүүргэж, угаалгын нунтаг хийж арьснуудыг дэвтээгээд элдэнэ. 30-40 арьсыг 2-3 өдөрт л элдээд тавьчихлдаг байв. Элдчихээд "Та нар үе мөч гайгүй залуу улс байна, энэ арьснуудыг сайн тат" гэнэ. Бид татаж тэнийлгэн сэврээгээд жижгэрүүлж хуйлна. Тэгээд хооронд нь хиам шиг хэлхэн гадуур нь юмаар битүүлж оёод, вагоны нүх сүвэнд нууж өлгөөд авч гардаг байлаа. Отгоо онц сурдаг байсан болохоор чөлөө амархан олдож нэг хэсэг бараг хоёр долоо хоног тутам ирдэг байв. Ирэхдээ ээжийнхээ даалгавраар ах дүү нарынхаа аль нэгд нь орос мебель, хавтастай толь авчирч, хажууд нь зарах нэгийг чирч ирнэ. Тэгээд зарсан мөнгөөрөө тарваганы арьс аваад буцдаг байлаа. Ингэж явсаар мань хүн Сүхбаатарын нэрэмжит цалингаараа бүх ах дүү нараа тавилгажуулж, бас өөрөө овоо мөнгө хийж авсан даа. Авчирсан хос тавилгаас нь манай том ах Гомбодоржийнд одоо хүртэл байдаг юм. Отгоог төгсөх үед ээж минь амьдралдаа анх удаа 1988 онд хилийн дээс алхсан юм. Аав үйлдвэрчний ажил сайн хийгээд нэг удаа Хар далай хүртэл аялсан, шатрын тэмцээнээр Тува орсон, Баттогтох ах 3ХУ-ын Одесст сургуулиа төгсөхдөө урьсан гээд ээжийг бодвол хэд хэдэн удаа гадаадад хөл тавиад үзчихсэн хүн. Харин ээж минь онц сурсан отгон хүүгийнхээ буянаар анх удаа хойд хөршийг бөөн баяр хөөр болон зорьсон ч хилийн шалган дээр авч явсан хэдэн рублиэ хураалгачихаад их л уруу царайтай хун удаж удаж вагоноос буусан байдаг. Мань хүн мөнгөө чемоданыхаа ёроолд нууж, аминдаа найдвартай газар хадгалсан ч Оросын гаалийнхны ганц шалгадаг газар хийснээ яаж мэдэх вэ хөөрхий. Оттоо ээжийг мөнгө төгрөгтэй ирнэ гэж мэдсэн биш, сануулж хэлээгүйдээ харамсдаг л юм. Их мөнгө биш боловч угийн арвич хямгач ээжийгээ тэгж гуниглахыг мэдсэн бол би ч бас анхааруулдаг л байж. Насан туршдаа байгаагаа бусадтай хувааж алга тэнэгэр явсан миний муу ээж хүн амьтнаас юм, тэр тусмаа мөнгө нуух юм чинээ бодож яваагүй биз ээ. Гэхдээ ээж их сэтгэл өндөр ирсэн. Үнэхээр гоё газар байна лээ гээд байн байн сонирхуулж яриад л. Тэр байтугай олон газраар яваад үзчихсэн бид тэгтлээ сонин биш ч урмыг нь бодоод яриулаад л байна шүү дээ. Ээжийг монгол дээлтэй явсан болохоор оросууд сонирхоод зургийг нь аваад л байсан гэсэн. Монгол дээл өмсөж, пансан алчуур толгойдоо зангидсан сүүжин ээмэгтэй монгол самган тэдэнд тэгж л сонин харагдсан юм байх даа. Отгоо өмнөөс нь жаахан ичээд байдаг, харин ээж тун додигор эгц харж зогсож байгаад зургаа авахуулаад л яваад байсан гэж дүү дараа нь инээж байв. Гараа өргөсөн баавгайны чихмэлийн савраас нь атгасан зураг Эрхүү явсан хүн болгонд шахуу байдгийн адилаар ээж минь бас тийм зурагтай ирсэн дээ. Ээжийн минь үзсэн гадаад энэ юм шүү дээ.

Эх сурвалж: Н.Алтанхуяг "Оргил өөд"