images

Эмэгтэй хүн богино жолоотой


Төрийн шагналт зохиолч Д.Намдаг гуайн хууч

     Бага залуу насанд аль хөглөхийг тэр гэхэв. Би чинь төв театрын найруулагч гээд сүрхий амьтан явлаа. Дэвээ гэдэг сайхан хүүхэнтэй сууж үзэв. Намдагийнх тэр цаг үеийн сайхан айлуудын нэг болов. Хүн амьтан атаархахгүй ч гэсэн тэндээ л сайхан байлаа. Хоёр биенээсээ бусдыг шохоорхохгүй болоод л. Тэгж байтал жижигхэн цагаан Дэвээгийн минь ааш зан хувираад явчихдаг юм байна. Юу болсныг бүү мэд. Би аргадаад байдаг, тэр улам зөрөөд байдаг болов. Бүр болохоо байхаар нь дураар нь хэд хоног явуулчихав. Тэгээд, энэ хүүхэн хаа холдох вэ. Би чинь Герман улсад сургууль хийсэн шинэ цагийн том сэхээтэн, театрын найруулагч гэсэн шүү юм бодогдоод байв. Ажил дээрээ очоод өрөөндөө дуудахад ирсэнгүй. Эмэгтэй хүн богино жолоотой, аргагүй гэж бодоод өөрөө очин гуйж гувшин байж дагуулж ирэв. Эргэх янз алга. Бүр болохгүй болохоор нь явуулчихлаа. Удсан ч үгүй хөлийн чимээ гарах шиг болов. Сэтгэл дагаж байгаа юм болов уу гээд хаалгандаа чихээ наан чагналаа. Хүний сэтгэл гэдэг хэцүү шүү. Хэд хонож байтал найз маань ирлээ. Би “Дэвээ туйлж туйлж яваад өгсөн. За яахав, хэд хоногоос ирнэ биз” гэлээ. Гэтэл найз маань “Намдаг аа, ирэхгүй болсон байх аа. Чамайг зовно гээд хэлэхгүй хараад байсан юм. Цаадах чинь маршал Чойбалсантай суух гэж байгаа гэсэн шүү” гэв. Тэгээд бид хоёр салсан юм.

“Эрдэнэсийн сүмбэр уул” номоос