images

“Монголын хаан” гэх энэтхэг эрийн марзан захидал


Дипломатч Дашдоржийн Баярхүү

     Намайг Нью Дэлид дипломат алба хашиж ахуйд тохиолдсон сонирхолтой, хөгжилтэй гэмээр түүхээс өгүүлье. Салж өгөхгүй зууралдах улаан цайм галзуу нэгэн эр Энэтхэгийн өмнөд Керала мужид тэр үед байлаа. Түүний захидлууд ар араасаа цувран Монгол, Герман болон хэд хэдэн гадаадын ЭСЯ-дыг байнга дарах ба нэг хэвэнд цутгасан юм уу гэмээр үг өгүүлбэрүүд хөврөх ажээ. Тэрээр өөрийгөө “Монголын хаан К.Г.Бхаванам” хэмээнэ. “Германы IV Рейхийн фюрер, нацистын Германы ерөнхийлөгч надад Монголын хааны статус Монголын засгийн газар олговол таарна” гэж захидлаа эхлүүлнэ. Цааш нь тийм цолгүй бол Германд амар тайван амьдрахгүй байна. Надад “Монголын хаан”, эсвэл “Монголчуудын хаан” цол олгохыг Монголын Улсын Засгийн газраас олонтаа шаардсан, энэ бол эцсийн шаардлага шүү гэсэн сүрдүүлэг залгана. Захидлын төгсгөлд Монголын Засгийн газрын хурлыг гэртээ хийлгэхээр хугацаа заасан байх буюу Монголын Засгийн газрын төлөөлөгчийг дуудуулсан захирангуй үгс байна. Англи хэлээр гараар гаргацтай бичсэнийг бодвол хөөрхий энэ хүн сургууль соёлоор эрхбиш дамжсан бололтой, цээж зураг, хаяг бүхий албан бланктайг бодвол ядуу гуйлгачин арай ч биш болов уу. Захидлын мөр болгоны өмнө хас тэмдэг, таван хошууг зэрэгцүүлэн зурж, зарим өгүүлбэрийг тодруулж зурснаас үзвэл юмны учир начрыг ойлгоод байх шиг. Тэрээр Монголын мөнгөн тэмдэгтэд загвар болгох гэж энэтхэг рупи дээр зураг ба нэрээ бичээд захидлыг дагалдуулна. Энэ инээдтэй явдлыг цааш нурших, ямар нэг дүгнэлт өгөх хэрэггүй биз ээ. Амьдрал баян, ертөнц баян, ийм хүмүүс ертөнцөөр дүүрэн. 

Дашдоржийн Баярхүү. “Би – Миний амьдралын тойрог” номоос