images

Телевизэд орсон минь


     Маргааш өглөө эрт нэвтрүүлгийн зурганд явна гэхээр сэтгэл догдолж тэр шөнө нойр хүрэхгүй хөрвөөж хэвтсээр өглөөтэй золгож билээ. Энэ бол 1979 оны зун юм. Зусланд байсан болохоор тэр шөнө саруулхан, тунгалаг сарны гэрэлд ойр орчны юмс тов тодхон үзэгдээд, маргааш би яаж зураг авах бол, юу гэж асуувал дээр вэ гэх мэтээр түмэн янзаар хөврүүлэн бодож аппарат хэрэгсэлтэй явна гэхээс бушуухан өглөө болоосой хэмээн хүсэж бодож байж билээ. Нэг мэдэхэд өглөө болчихож. Ээжийн тогоо шанага хангинах дуунаар сэрвэл ээж, хүү минь босохгүй юу, чи чинь зурагтай гээ биз дээ, цайгаа уучихаад яв гэв.

     Үргэлж ороосон тамхи татдаг, түүнийгээ доод уруулдаа наачихсан, унтрахад нь байн байн асааж явдаг Хорлоо гэж хүн зурганд машинаар авч явдаг байлаа. Телевизийн шатаар гүйхээрээ бууж гадагшаа гарч тэр хүнийг сурагласаар очвол “За хүү минь зурганд явах гэж байгаа бол наад дугуйгаа дөрвөн зуу дарчих. Тэгээд хөдөлье” гэснээр миний дугуй хийлэх ажлаар телевизийн ажил амьдралын гараа эхэлсэн юм.

Г.Золжаргал. “Холоос тээсэн бодол” номоос.