images

Г.Аким гуайтай танилцсан минь


     1989 оны намар сан. Халх голын ялалтын 50 жилийн ойг тохиолдуулан зохиолчдын десант Дорнод аймагт буулаа. Тэр бүрэлдэхүүнд 40 гарсан болов уу гэмээр насны атлаа був буурал толгойтой хүн бууж ирэв. Хүн бүхнээс илүү чанга дуугаар тас тас хөхөрсөн, дулаахан цагаан царайтай хүн байв. Дэгжин маягийн хувцасладаг нь илт, нарийн саарал бүрх малгай тавьчихжээ. Зочид буудалд очоод хэсэг цайлалдав. Тэгсгээд Утга зохиолын нэгдлийн хүлээн авалтын хүндэтгэлийн арга хэмжээний эхний шат дуусаж нөгөө хэд нэг тийш гарсан юм. Би ч яахав, томчуудыг даган салбаганаж явалтай биш, ажил дээрээ очиж байж байгаад оройхон буцаж ирээд нөгөө өрөө лүү шагайвал ирцгээчихсэн байна. Нөгөө бүрх малгайт чинь өнөөх л ширээнийхээ ард атан тэмээний бөх шиг босоо чигээрээ байна аа. Тас тас хөхрөөд, малгай нь толгой дээрээ донхойсон хэвээр. Д.Нямсүрэн, Хэрээ гуай хоёртой амаа олохгүй ярина. Яваад ортол тэрбээр намайг харснаа “За энэ ширвээ сахалтай нөхөр чинь хэн билээ?” гэтэл манай Д.Нямсүрэн шүүрч аваад л, хундагатайгаа барьсан чигээрээ бүр босож зогсож байгаад намайг танилцуулж гарлаа. Гараа савчиж байгаад л. Есенинийг Блокод танилцуулж байгаа мэт. Ер нь мань хүн залуучуудыг танилцуулах, цаасан малгай өмсгөхдөө гаргуун байсныг хэн ч андахгүй дээ. Ингэж анх агуу их Г.Аким гуайтай танилцаж билээ. Түүнээс хойш олон жил ойр дотно ижилдэж явна".

Ж.Нэргүй. “Хүмүүсийн тухай роман” номоос