images

Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөний өмнө


 

     "1989 оны арваннэгдүгээр сарын 24. Ажилчины районы үйлдвэрүүдээр сурвалжилга хийж яваад 15.00 цагийн үед ажил дээрээ иртэл коридорт ангийн найз, Улсын барилгын зургийн институтын архитектор Т.Баяраа зогсож байв. ,Чамайг гурван цаг хүлээлээ. Чи дуулаагүй юм уу, цаана чинь архитекторууд, уран бүтээлчид хотын эвлэлийн хорооны дугуй танхимд гурав хоног маргалдаж байна. Нам засгийг зоригтой шүүмжилж байна. Би “Шинэ үе”-ийнхнээс хүн танина гэсэн чинь намайг олоод ир гээд явууллаа" гэж ихэд сэтгэл хөдөлсөн байдалтай хэлэв. Ангийн залуу маань тэвчээртэй удаан хүлээж. Баяраа надад дугуй танхимд юу болж байгаа тухай ярьж өгөв. Ажлын газрынх нь архитекторчид маргаанд идэвхтэй оролцож байгаа гэнэ. “Сүхбаатар гэж өндөр залуу маш дайчин шүүмжлэл хэлж бусдыгаа манлайлж байна” гэв.

     Хэд хоног элдэв явдлууд дараалан тохиолдож хажуугаар нь ажил гэж гүйсээр “Залуучуудын үнэн” сонин гарчиглаж амжаагүй явсан юм. Юун сайн юм бэ. Хэдэн сар “Шинэ үе”-ээ өргөжүүлнэ гэж мөрөөдөж, ярьж явлаа. Хүмүүс болгоомжлоод эсвэл эмээгээд ч юм уу бидэнтэй ер нэгдэж өгөхгүй байсан юм. Одоо ийм сайхан боломж гарч ирж байхад хэрхэвч алдаж болохгүй.

    Бид хоёрыг явж очиход танхим дүүрэн залуучууд суучихсан улс орны байдлын тухай, цаашид яавал зохих тухай өргөн сэдвээр санал шүүмж хэлж маргаан өрнүүлж байв. Хурцхан шүүмжлэл сонсогдож байна аа. Олонх нь танихгүй залуучууд юм. Тэдний дундаас хэдэн ахимаг насны хүн харагдсан нь ажил төрлийн холбоотой байдаг зохиолч Ж.Барамсай, Г.Аким, С.Оюун, Ж.Пүрэв, И.Цэрэнжамц, зураач Ц.Байды нар байв. Маргаан халуухан өрнөж байв. Нэг намхавтар нуруутай офицер хэлэлцүүлгийг хөтөлж байв. Хажууд суугаа залуугаасаа асуувал түүнийг “Улаан од” сонины сурвалжлагч Элбэгдорж гэдэг гэв. Ойролцоо суугаа хоёр өндөр залуугийн туранхайг нь Дарь.Сүхбаатар, махлагийг нь Ч.Энхээ гэнэ. Тэд олон удаа босож шүүмжлэл өрнүүлж төлөөлөгчдийг дэмжиж байсан билээ".

Сүхбаатарын Амарсанаа. “Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд” номоос