images

Тойн хувилгаан, хойд дүр Цэрэндондов


     “Завхан аймгийн Отгон сумын нутагт байсан Голын хүрээний Гэндэнпил дацанд Тойн хувилгаан гэж лам шавилан сууж байжээ. Лам нэг намар хөдөөлж Дамбийжанцан гэдэг ламыг дагуулан Цагаан бургастын голын айлуудаар хэсэж, ямааны архи ууж явсан гэнэ. Хоёр ламыг айл хэсэхээр явахад нь Тойн хувилгаан ламын аав Чи дандаа айл хэснэ, дагуулсан хүн нь Дамбийжанцан, хэсдэг газар нь Цагаан бургастын гол, таарч дээ гэж загнасанд аавдаа Хуц! гэж хэлчхээд яваад өгчээ.

   Архи ууж, айл хэсэж явахдаа “Хөхөө шувуу гэдэг дууг байнга дуулаад байж. Хөгшин хүмүүс Энэ лам явах нь ээ. Хөхөө шувуу”-г байнга дуулж явах боллоо гэж ярилцаж байжээ. Хувилгаан лам тэр өвөлдөө хөдөө өвөлжсөн байна. Тэр өвөл Отгон сумын нутагт маш хүнд ханиад томуу гарч, олон хүн нас баржээ. Тойн хувилгаан лам гэрийнхээ баруун талын хамар дээр гарч шагайн дэвжээ засчхаад, шагай атгаж тоглоод байсан гэдэг. Удалгүй лам ханиад хүрч, хатгаа аваад нас барчихжээ. Хүмүүс цугларч шарилыг нь яаж оршуулахаа хэлэлцэн, хайлахаар шийдэж, Сүмбэрийн давааны өвөрт хайлжээ. Энэ өдөр хонь хариулж явсан хүн хайлж байгаа шарилаас дэгдсэн бөөн хар утаа явсаар байгаад Уушгийн ар хавцал руу орохыг ажиглажээ. Тэр жил нь Уушгийн ар хавцалд Шилүүстэй сумын харьяат Нацагшугар гэдэг айл өвөлжиж байсан байна. Тойн хувилгаан ламын хойд дур Цэрэндондов хувилгаан энэхүү Нацагшугар гэдэг айлд мэндэлжээ. Тойн хувилгаан ламыг нас барснаас хойш хүмүүс гэнэт нас барах нь зогсжээ. Маш олон хүний үхлийг төлөөлж тэр лам явсан байх гэж хүмүүс ярилцдаг.

   Тойн хувилгаан ламыг Цагаан булан гэдэг газар намаржиж байхад тэртээгүүр нэг хүн гол гатлах гээд байгаа бололтой голыг өгсөж уруудаад гуйгээд байхаар нь энэ ямар хүн байдаг билээ гээд дурандаж харснаа Яасан муухай золиг вэ гээд харахаа болиод гэртээ оржээ. Голын ус морины ташаа хүрэхээр үертэй байхад нөгөө хүн голоор гараад, нохой боргоолгож явсаар Тойн хувилгаан ламынд ороод иржээ. Тэр хүн чармай шалдан, бүх бие нь хав хар, гар хөл нь сайртаад хагарчихсан, үс яр ургачихсан, даавуу унжуулаад нууц эрхтнээ хаачихсан, хэлгүй бололтой дохио зангаагаар яриад байж. Ламын ээж шалавхан гар дээр нь идэх юм тавьж өгсөнд, идчихээд яваад өгчээ. Энэ хүний тухай амнаас ам, айлаас айл дамжсан яриа хөөрөө дэгджээ. Сүмбэрийн давааны өвөрт хэц татчихсан сууж байсныг хүн үзсэн гэдэг яриа ч байдаг байна.

   Цэрэндондовыг Тойн хувилгаан ламын хойд дүрээр таван настай байхад нь тодруулж, Голын хүрээнд ширээнд залаад байтал цаг төр үймж, лам нарыг эсэргүү гэж баривчлах үеэр гэрт нь аваачин нуусан байна. 1940 онд цэрэгт явж Өмнөговьд цэргийн алба хааж байж. Нэгэн удаа тэмээн хөсөгтэй хэсэг цэрэг ажилд явж байгаад буцах замдаа хавар намарт айл байдаг бололтой бор шороон бууцтай газар хоноглохоор бууж, цэргүүд түлш түүхээр явцгаажээ. Цөм буцаж ирцгээхэд нэг цэрэг эхээс дөнгөж гарсан нялх хурга олж ирсэн байна. Хургыг галынхаа захад тавьчхаад хүн бүр өхөөрдөж байж. Гэтэл цэрэг Цэрэндондов “Муухай юмаар яах гэсэн юм бэ?” гээд хурганд ойртохгуй байсан гэнэ. Тэгж байтал гадаа зэллэсэн тэмээнүүд нь гэнэт үргэж буйл бурантаг, зэл уяагаа тасдуулаад алга болжээ. Цэргүүд шөнөжингөө эрээд нэг ч тэмээ ололгүй ирж. Гэтэл нөгөө хурга алга болсон байжээ. Маргааш өглөө нь босоод тэмээн хөсгөө эрцгээхэд, хамгийн сайн тэмээ нь юманд шидэгдсэн юм шиг том хадны орой дээр үхчихсэн байсан гэнэ. Цэргүүд хайсаар явж ганц нэгээр нь бүх тэмээгээ олжээ.

   Цэрэндондов зургаан жил шахам цэргийн алба хаагаад, 1945 оны 11 дүгээр сард халагдан Балбар, Шугар, Будээ нарын хамт Завханы говьд иржээ. Нутгийн өвгөчүүд болох Чүлтэм, Сангаа, Гомбожав нартай уулзахад “Хувилгаан чиг анги байна шүү, гялалзаж явна аа” гэж хоорондоо ярилцахыг хамт явагсад нь сонсоод “Хэнийг хувилгаан гээд байгаа юм бол оо” гэж бодож байжээ. Цэрэндондов нутагтаа ирээд, Худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажиллаж байхдаа олонд хүндтэй байсан төдийгүй Завхан аймгийн “Туяа” сонинд зураг нь тавигдаж, туршлага нь бичигджээ. Гэтэл ойр хавийн хэдэн сумын айлууд зургийг нь “Туяа” сониноос хайчлан авч жаазанд хийж бурхан болгож шүтэж байсныг Завхан аймгийн намын хороо мэдээд цаашид шагнал урамшил өгөх, ажил албанд дэвшүүлэх гэж байснаа больсон гэж ярьдаг юм. Нутгийн ард түмэнд өвчин зовлон тохиолдсон үед хүмүүс энэ хүнд нууцаар очин асууж, зохих хариуг авдаг байсан байна. Нэг зун Шилүүстэй сум нэгдлийн дарга Дүгэрсүрэн ээлжийн амралтаа аваад Цэрэндондов хувилгаантай хамт Отгоны амралтанд амрахаар ярилцаад, машинаараа замдаа түүнийг авахаар очтол “Чи бид хоёр амралтанд явж болохгүй нь ээ, больцгооё” гэж хэлжээ. Тэгээд Дүгэрсүрэн дарга эхнэртэйгээ амралтанд явжээ. Тэр хойгуур нь Шагдар гэдэг хүн Дүгэрсүрэнгийн гэрийн тоононоос өөрийгөө дүүжлээд үхчихсэн байжээ. Тэгээд Дүгэрсүрэнгийнх өөр гэр барьсан гэдэг юм”.

Д.Баярсайхан, Б.Галбадрах, Б.Жавхлан “Завхан нутгийн домог” номоос (2017).