images

Ю.Андропов тэнгэрт хальсан тухай мэдээг анхлан орчуулж олны сонорт хүргэв


Дипломатч Дашдоржийн Баярхүү

     1984 оны 2 дугаар сарын 19-нд Зөвлөлтийн нам-төрийн тэргүүн Ю.Андропов тэнгэрт халих мөчид МОНЦАМЭ-гийн гадаад мэдээний редакцид ганц би байж таарлаа. Тэр нь орой 19.00 цагийн үед болов уу. Би телетайпнаас мэдээг аваад эрчээрээ доошоо бууж Д.Чимэддорж дарга дээр орлоо. Тэр дор нь Л.Зантав даргыг дуудуулав. Гашуудлын мэдээг орчуулаад 20.00 цагийн мэдээгээр оруулах үүрэг тэд надад өглөө. Манай редакцийн дарга нар түрүүчээсээ дуудагдаад ирлээ. Мэдээ миний орчуулснаар Монголын ард түмний сонорт хүрсэн билээ. Тэр шөнөдөө бид сууж хонов. Эмнэлэгийн дүгнэлт, намтрыг би орчуулав. Том мэдэгдлийг П.Шагдар орчуулж шууд Д.Чимэддорж, Л.Зантав нараар үзүүлээд Төв Хороо руу хүргүүллээ. Бидний бүтээл маргааш нь бүрэн эхээрээ “Үнэн” сонинд гараад ирлээ. Дэлхийн коммунист ертөнц тэр чигээрээ гашуудсан яг тэр торгон агшинд би тэр чухал мэдээг Монголын ард түмэнд дамжуулах хувь тохиосноо түүхэн үйл явдалд оролцсон хэрэг гэж үздэг юм.

 

Дашдоржийн Баярхүү: “Би – Миний амьдралын тойрог” номоос