images

Бохь иддэг лам


   Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Бүрэн суманд Бохь иддэг лам гэж байжээ. Түүний тухай нутгийн хөгшний хуучилсан нь:

     “Бохь иддэг Лувсан гэж юмыг дандаа зөгнөж хэлдэг хүн байсан юм билээ. Тэр хүн жаахан тунгаар борцны зай, шар будааны зай, юм юмны зай оруулаад бага юм иддэг, бохь зажилдаг хүн байсан гэдэг. Бохь иддэг гадаад гүрний хүн байсан болов уу. Зураач Лувсанцэрэнд “Нэг юм зураад аль гэхэд нь морь зурж өгвөл Бушуу яв гэж байна гээд Дамдинсэрээтэр гавжийнхаас улаан ямаа авч, түүндээ тэрэг хөтлөөд гадагш гараад явсан гэж ярьцгаадаг. Унтахдаа толгой дээрээ нэг хөдөс тавьж унтдаг, түүнээсээ салдаггүй хүн байжээ. Лувсан гуай хэд хүрч байна?” гэхээр дандаа Далан гуравтай гэдэг. Ном уншиж байхад нь манай эцэг Цэвэгмид багадаа дүрсгүйтээд жодгорыг нь буулгачихаж. Гэтэл “Мухар хөх гаминдаа” гэж загнаснаас нь хойш хэдхэн хоноод гамин цувсан юм билээ.

     “Бохь иддэг дээлээ толгой дээгүүрээ нөмөрч хэвтээд ганцаараа ярьдаг хүн байжээ. Түүний хэлэх үг нь товчхон. Тухайлбал Дээд талын баян нь таван ямаатай болох дог. Богд овтой болоод байлгачих болов уу даа гэж хэлсэн гэж байгаа. Бас “Бүсгүй хүн төр барих цаг, Нохой морьчилж шээх цаг”, “Дэлхийг төмөр аалзны тор нэхэх дэг ээ (төмөр зам). Тэнгэрт төмөр царцаа нисэх дэг ээ” (нисэх онгоц), “Газар дээр булигаарын хээ гарах даг уу (машины мөр). Тооноор төмөр морин туурай цухуйх даг аа (яндан) гэхчлэн ярьдаг байжээ. Хажуу дахь хүн нь “Яана гэнэ ээ, Лувсан гуай? гэхээр таг болчихдог байж. Бас Монголчууд гол ус руугаа нэг бөөгнөх дэг ээ”, “Захын ганц модонд нэг цугларах даг аа, Баруун урдаасаа нэг гал ирж магадгуй дээ”, “Алтан тэрэгтэй айл дэлхийг ноёрхох дог оо” (Англи, Америк),Шон босгоод төмөр утсаар хоорондоо ярих даг аа гэж хэлж байсан юм билээ. Тэр “Баруун урдаасаа нэг гал ирж магадгүй дээ гэдэг аюултай үг шүү. Бохь иддэг гуайг тийн ярьж байх үед манай Монголын хувьд галт тэрэг, нисэх онгоц, тэр байтугай автомашины тухай ч мэдлэггүй байсан цаг гэдэг юм. Дандаа тухайн үедээ байхгүй, одоогийн хөгжлийг тэр үед яриад байж. Тэр бүхэн нь хожим хойно биелсэн гэж манай өвгөд ярьцгаадаг байсан гэж миний аав надад хуучилж билээ.

 Ш.Сүхбаатар. “Бүтэн заяатай Бүрэн нутаг” (2014) номоос.