images

Ухуулах хуудас нааснаас хойш яг 24 хоногийн дараа НАХЯ-нд баривчлагдав


МоАХ-ны Ерөнхий Зохицуулах Зөвлөлийн анхны 15 гишүүний нэг, сэтгүүлч Сүхбаатарын Амарсанаа

     1989 оны 11 дүгээр сарын 27. Үүрээр хашааны хаалга балбах чимээ биднийг сэрээв. Цагаа харвал өглөөний 6:00 болж байлаа. Хоёр хүн гэрт орж ирээд надтай уулзахаар ирснээ хэлэв. Нэг нь улаан хавтастай үнэмлэх гаргаж үзүүлсэн нь дундуураа ташуу улаан канттай, түүн дээр нь "Нийгмийг аюулаас хамгаалах яамны тусгай төлөөлөгч" гэж бичжээ. Надад “Хувцсаа өмсөөд бидэнтэй хамт яв” гэсэн шаардлага тавив. Хаашаа явахыг лавлахад “НАХЯ руу явна. Програмаа аваарай” гэлээ. Би ч юм дуугарсангүй хувцсаа өмсөөд зурагтан дээр тавиастай байсан мөрийн хөтөлбөрөө авлаа. Тэр хоёр миний мөрийн хөтөлбөрийг хураагаад авчихав. Хүн араас дагаад мөрдөөд байх шиг санагдсан, үнэхээр дагаж байжээ гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Хашааны гадаа шар өнгийн "УАЗ-469" гэрлээ асаачихсан зогсож байлаа. Ингээд ухуулах хуудас нааснаас хойш яг 24 хоногийн дараа НАХЯ-нд баривчлагддаг юм байжээ.

   ...Төлөөлөгч надаас байцаалт аваад ярьсан бүх зүйлээ цаасан дээр бич гээд хэдэн хуудас бор цаас өгөв. Ингээд бичиж эхэллээ. “Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ингэх эрхтэй гэсэн байгаа.... Улс төр, иргэний эрхийн тухай олон улсын пактад манай улс нэгдсэн шүү дээ” гэх мэтийн бодол толгойд эргэлдэнэ. Үргэлжлүүлэн “Энэ бол гучаад он биш, 60, 70-аад он ч биш. Өөрчлөн байгуулалт өрнөж буй 80-аад оны сүүлч. Нөхдөд минь муу зүйл тохиолдохгүй гэдэгт итгэж байна", мөн “Өөрчлөн байгуулалтыг дэмжих залуучуудын байгууллага байгуулна” гэж бичив. Байцаалтын дундуур зарим нэг хүн үе үе орж ирээд хашгичсаныг эс тооцвол надтай НАХЯ дээр эвгүй харьцсангүй. Тэгээд төлөөлөгч надад “Ажлынханд чинь хэлэхгүй. Та нар үйл ажиллагаагаа нууцаар биш ил тодоор хийх хэрэгтэй. Нийгмийг цочоож, нууцаар ухуулах хуудас наасан чинь буруу” гэх мэтээр яриад дараа дуудахад төвөг удалгүй ирэхийг анхааруулан намайг явуулж билээ.

Сүхбаатарын Амарсанаа. “Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд” номоос