images

Монголд анх удаа онгоцонд төрсөн хүү


Ховд аймгийн “Хөдөлмөр” сонины эрхлэгч асан, ахмад сэтгүүлч Ч.Батчулуун гуайн хууч

    Би 1965 онд их сургуулиа төгсөөд төрсөн нутагтаа хуваарилагдаж Ховдын “Хөдөлмөр” сонины эрхлэгч А.Дашням гуайтай утсаар ярихад сургуулиа амжилттай төгссөнд баяр хүргээд “Чи нааш ирэх гэж яараад хэрэггүй. Эндээс сонины цаас, материал авахаар манай жолооч явна. Тэр машинаар гэр орноо ачаад гэр бүлээ аваад хүрээд ир” гэв. Бид ч онгоцоор явах зардлаараа хөдөөгийн ах дүүстээ бэлэг сэлт аваад үлдсэн мөнгөөр нь Оросын гурван хос чемодан авлаа. Ингээд хүлээж байтал 7 хоногийн дараа 30 гаруй насны өндөр бор залуу намайг сурагласаар ирлээ. Тэгээд “Ховд явах хэдэн хүн байна? Элдэв олон хүн дайж явахгүй шүү” гэв. “Хоёр охин дүү, тэгээд манай эхнэр” гэтэл хэрэг бишдэв. “Ийм олон хүн авч явахгүй. Эхнэр хүүхдийг чинь л авч явна” гэв. Тэгтэл гаднаас тулгар биетэй эхнэр маань орж иртэл “За нөхөр минь. Эхнэр чинь тулгар биетэй юм байна. Ийм хүнийг 1500 км газар энэ их халуунд машинаар авч явж хүний амьтай холбогдохгүй. Эхнэрээ онгоцоор явуул” гээд ширэв татаад явчихлаа. Ингээд нөгөө 3 хос чемоданаа зарж онгоцны зардал хийгээд 1965 оны 8 дугаар сарын 2-ны онгоцонд эхнэр охин хоёроо суулгаж явууллаа. Маргааш нь жолоочтойгоо дотно танилцаж хоёулаа ажлаа амжуулаад их дэлгүүрийн ажилчдын гуанзанд хооллочхоод сэрүүцэхээр гарч сүүдрэвчинд суув. Хажуухан талаас “Үнэн” сонин худалдаж аваад гарчиглатал нэгдүгээр нүүрэнд нь Д.Шагдарсүрэнгийн бичсэн “Тэнгэрийн суудалтай хүүхэд” гэсэн сурвалжлага гарчээ. Эхнээс нь гүйлгэж хартал “МУИС-ийн сэтгүүлчийн анги дөнгөж төгссөн сэтгүүлч Ч.Батчулууны эхнэр 20 настай залуу бүсгүй Ш.Дарьсүрэн МИАТ-ийн ИЛ-14 онгоцонд эсэн мэнд амаржиж 3 кг 100 грамм эрэгтэй хүүхэд төрүүлэв. Эх хүүгийн бие сайн, Ховдын эмнэлэгт хяналтад байна” гэж бичсэнийг уншаад нэг талаар баярлавч нөгөө талаар шоконд орчихлоо. УБ-Говь-Алтай-Ховдын чиглэлийн тэр өдрийн нислэгийн баг Говь-Алтайд буугаад онгоцоо цэнэглэж хоол идчихээд гараад иртэл онгоцны сүүдэрт зорчигчид овоорчихсон байж. Сонирхоод очтол ой гаран насны нэг охинтой тулгар биетэй эх өвдөж байжээ. Тэгэхээр нь онгоцны дарга “Та онгоцонд төрвөл хэцүү. Энд үлд. Эмнэлэгт хүргэж өгье” гэтэл манай хүн зөвшөөрөөгүй аж. Тэгээд яахав, Ховдод тэсээд хүрнэ гээд нисжээ. Гэтэл Дөргөний Хар нуурын орчим явтал ус нь гарчихаж. Онгоцны үйлчлэгч С.Мааяа сандраад хүүхэд эх бариад авчих хүн байгаа эсэхийг лавлатал бакал гуталтай, монгол дээлтэй зузаан бор хүн босож ирээд утас, иод, хайч байгаа эсэхийг лавлажээ. Азаар энэ бүхэн онгоцны үйлчлэгчид байж таараад хүйг нь боож, бортмеханик Базаррагчаагийн китель, зорчигчдын өгсөн даавуу, шинэ сорочк цамц зэргийг цуглуулаад хүүг минь боож авсан гэдэг. Тэгээд нэр өгөх асуудал яригдахад хүн бүр янз бүрийн нэр санал болгожээ. Тэгтэл цагаан сахалтай нэг өвгөн босож ирээд “Мөнгөнхөлөг гэдэг нэр өгнө" гээд чихэнд нь гурван удаа шивнэсэн гэдэг. Хүүг минь эх барьж авсан тэр ачтан бол АУДС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ж.Цогнэмэх байсан юм. Мөнгөнхөлөг хүү минь хожим УБИС-ийн монгол хэл, уран зохиолын ангийг улаан дипломтой төгсөөд 1998 онд “Монгол тууль” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан юм.