images

Д.Намдаг гуайн хууч


     Хэдэн жилийн өмнө би нэг жолоочтой танилцаж удалгүй бид хоёр санасан бодсоноо ярилцдаг сайн нөхөд болсон юм. Тэр надад нэг сонин түүх ярьсан. Тэрээр холын аймгийн захын суманд ачаа буулгачхаад сумын хоршооноос арьс шир ачаад буцах гэж байтал олон хүүхэдтэй байрын нэг налгар авгай ирээд “За хүү минь чи эгчдээ тус болж нэг эмэгтэйг кабиндаа суулгаад аваад яваач” гэж гуйжээ. Жолооч ч холын замд ханьтай явбал ядаж уйдахгүй гэж бодоод зөвшөөрсөн байна. Жолооч хоол идээд гуанзнаас гарч ирэхэд нөгөө авгай ваадантай юм барьсан залуу хүүхэнтэй хамт ирээд түүнийг хүлээж байжээ. Хээрийн замд хүүхний бие өвдөөд машинаа байн байн зогсоосоор хоногтоо хүрэх газраа хүрч чадсангүй. Хэзээ хэзээгүй төрөх болсон жирэмсэн хүүхэн авч яваадаа жолооч ихэд сэтгэл зовж гэнэ. Талд өвлийн нар шингэсний дараа үдшийн бүрий залгаж урт шөнө эхэлсэн тул аль болох газар хороохыг хичээн давхисаар байжээ. Ингэсээр яваад өвлийн урт шөнийг нүд хамхилгүй давахын даваан дээр нөгөө хүүхэн тэсэж чадалгүй дуу алдан ёолж царай нь хачин болоход жолооч машинаа зогсоожээ. “Яаж байна” гэж асуухад хүүхэн “Тэсэхгүй нь” гэж арай ядан хариу хэлж. Жолооч сандран төрөх байр суудал бэлдэж байтал хүүхэн дахин дуу тавин ёолж шинэ хүний дуу хаджээ. Айж сандарсан жолооч хүүхдийг эх барьж цамцандаа боож авснаар хоёул жаахан тайвширлаа. Жолооч бараг аягатай цай цалгимгүй зөөлөн явуулсаар айлын бараа харж баярлахын дээдээр баярласан гэдэг. Тэгээд хот айлын баруун дээд талын том цагаан гэрт буужээ. Жолооч учир явдлаа тайлбарлан ярьж нялх хүүхэдтэй хүүхнийг түр орхиод хотоос долоо хоногийн дараа ирж авах тухай ярьсанд гэрийн эзэгтэй царай хачин болж, нөхөр нь хажуунаас ам нээж “Манайх ам бүл олуулаа. Хүн байлгах бололцоо даанч алга даа” гэжээ. Энэ үгийг сонссон хажуу айлын бололтой эмээ “Манайд орхичих хүү минь. Харсаар байж өвлийн хүйтэнд сая төрсөн хүнийг яаж хол замд явуулах вэ. Манайх зүүн хойд талын бор гэр” гээд гэрээс түрүүлэн гарчээ. Жолооч хүүхэдтэй хүүхнээ дагуулан эмээгийн бор гэрт ирэхэд эмээ тэднийг баяр хөөр болон угтаж шинэ цай чанаад хонины хөл мах гэртээ оруулжээ. Тэгээд “Манай гэрийн бүрээс тааруухан. Гэсэн ч даарахгүй ээ. Эмээ нь айлаас хуучин туурга авч ирээд дулаалчихсан. Өвөөг нь ирэхээр шинэ хүнээ угаана” гэхэд жолоочийн сэтгэл үнэнхүү тайвширч уужирсан гэдэг.

Эх сурвалж: “Эрдэнэсийн сүмбэр уул” номоос