images

Д.Намдаг гуайн Хөдөлмөрийн баатар болох тухай мөрөөдөл


Төрийн соёрхолт зохиолч Дарамын Батбаярын хуучаас     

     Нэг удаа Намдаг багш над руу харан инээд алдаад “Би хөдөлмөрийн баатар болсон тухайгаа чамд ярьсан билүү” гэхэд би толгой сэгсрэв. Тэрбээр "Би хотод амьдарч чадахаа болиод хөдөө гарах юм. Хэдэн тэрэг хар гурил, махкомбинатаас баахан адууны элэг аваад хөдөө очно. Очоод өөртөө арван сайхан эм хонь худалдаад авчихна. Аа тийм, бас хувьдаа гурван морьтой байна. Нэгдлээс унаа гуйж нүүхгүйн тулд морин тэрэгтэй байна. Ингээд сайхан дөрөвдүгээр сарын үед хүрч очоод хамгийн муугаас нь шилж байгаад 300 төлөг аваад өнөө муусайн төлөгнүүдээ адууны элэг, хар гурил хоёроороо бордоод байхад тэдний нүд нь сэргээд ирнэ. Ингэж байгаад ногоотой залгуулаад авдаг хэрэг. За тэгээд зунжин намаржин отор хийж нүүнэ. Болоогүй ээ, бас хоёр сайхан нохойтой болчихно. Ингэтэл чинь хойтон хавраас нь хонь маань хургалаад эхэлнэ. Төлөг ямар хургаа цатгах биш нөгөө худалдаж авсан арван эм хониндоо хөхүүлж байгаад мал болгоод авчихдаг хэрэг. Ингээд байхад амархан Хөдөлмөрийн баатар болчихно доо" гээд хөхрөн түрүүнээс хойш барьсаар суусан тамхиа ороон асаагаад шуналтай нэг сорсноо сандлын түшлэг налан налайтал сууж билээ.