images

“Нацагдорж өөрийн хувь заяа, дэлхий ертөнцөд гомддог маягийн хүн байв”


1926-30 онд Монголоос Герман, Францад суралцаж байсан хүүхдүүдийг хариуцан ажиллаж асан Серге Вольфийн дурсамжаас. 

“ ... Лэтцлингенд дөрөв, Викерсдорфод 10, Лихтерфэльдэд тав болон Парист суралцсан дөрвийг оролцуулан 23 хүүхдийн сургуулийг сонгохдоо тэдний суралцах орчин хүрээлэл, мэдлэгийн хүрээгээ тэлж ерөнхий боловсрол сайн эзэмших боломжийг харгалзсан юм.

   Эдгээр 23 хүүхдээс гадна хоёр сурагчийн тухай заавал ярих ёстой. Тэд насаар арай ахимаг, бас үндсэн том бүлэгтэй хамт ирээгүй юм. Үндсэн бүлгийнхэн 1925 оны 12 дугаар сард ирсэн ба тэд миний санаж байгаагаар 1926 оны 10 дугаар сард, эсвэл түүнээс арай хожуу ирсэн билээ.

   Нацагдорж 1906 оны тавдугаар сарын таванд Түшээт хан аймагт төрсөн. Миний санаж байгаачлан 1926 оны 10 дугаар сард ирсэн бол тэр тухайн үед 20 настай байжээ. Тухайн үед тэр намайг төдийлөн гайхшруулаагүй юм. Тэр Берлиний их сургуулийн Сэтгүүл зүйн сургуульд зочин судлаачаар очсон. Түүний герман хэлний мэдлэгийн түвшин дөнгөж анхан шатны түвшинд байсан учир энэ үйл явц төдийлөн амжилттай болоогүй. Лайпцигийн их сургуулийн профессор, нэрт дорно дахин судлаач Хэништ хандаж Ишдорж хүсэлт гаргасан учир тэр Нацагдоржийг өөрийн ангидаа суралцуулахыг зөвшөөрч түүнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зарим зүйлсийг зааж сургахаар болсон юм. Харин Нацагдорж профессор Хэнишийн судалгааны ажилд өөрийн монгол хэлний болон уран зохиолын мэдлэгээрээ тусалж байсан.

   Тэр гэрлэсэн байсан бөгөөд эхнэр нь хамт байсан. Түүний эхнэрийг Пагмадулам гэдэг, мөн адил 1906 онд Өргөөд төрсөн нэгэн байлаа. Тэр Лайпцигт Эмэгтэйчүүдийн ахлах сургуульд элсэн орсон.

   Нацаг миний ажигласнаар нэг зэрэг олон зүйл зэрэг оролддог, гэхдээ алинд нь ч төдийлөн амжилт гаргадаггүй, тэгээд өөрийн хувь заяа, дэлхий ертөнцөд гомддог маягийн хүн байв. Тэд эхлээд Берлинд, дараа нь Лайпцигт хэсэг хугацаагаар амьдарсан юм.

    Тэдний Германд амьдарч байсан амьдрал, сургалт аль аль нь төдийлөн амжилттай болоогүй, бага зэрэг сэтгэл дундуур байж билээ. Тэгээд удалгүй нутагтаа буцсан юм. Тэд бусад монгол хүүхдүүдтэй харьцуулахад харьцангуй биеэ даасан хүмүүс байв. Тэд ерөнхийдөө тийм ч хэцүү байгаагүй ч, бусадтай харьцуулахад тааламжтай бус байсан.

   Нацаг Берлинд байх хугацаанд надад монгол хэл харин би түүнд герман хэл зааж байлаа. Би хэд хэдэн удаагийн хичээл хийж цөөн үг сурсан. Гэхдээ миний хэлний мэдлэг тоо тоолох, хоорондоо холбоогүй хэдэн үг цээжлэхээс хэтрээгүй, харин тоо тоолох нь амархан санагдаж байлаа. Ер нь монгол хэл, ялангуяа бичиг нь маш хэцүү байсан бөгөөд сурахад маш их хичээл зүтгэл, хөдөлмөр шаардагдах шинжтэй. Одоо харин бичиг нь турк үсэг латин хэлбэрт шилжсэнтэй төстэй кирилл үсгээр өөрчлөгдсөн байна.

   Тэр удалгүй Берлинээс явснаар миний хэл сурах оролдлого талаар болсон, гэвч энэ хэлний талаар бага сага ойлголт авч, ядаж л монгол хэл ямар хэцүү болох талаар ойлголттой болсон билээ. Хэрэв тэр мэргэжлийн багш байсан бол эсвэл Европын хэл сайн мэддэг байсан бол хэл сурах нь амар байсан байж болох юм. Эсвэл би хэсэг хугацаанд Монголд амьдарсан бол хэл сурахад дөхөмтэй байсан байж магадгүй. Нацагдорж надад монгол хэл заасан оролдлогод би маш талархалтай ханддаг юм. Харин одоо бол хэл сурахаар цааш нь үргэлжлүүлэн оролдоогүйдээ маш их харамсдаг”.

Серге Вольф. “Өмнөд Европт хийсэн монголчуудын боловсролын аян” номоос. (Орчуулсан доктор Б.Баясгалан, профессор Б.Намсрай)