Монголын эмэгтэй шатарчид 188 орноос 7 дугаар байранд орж түүхэн амжилт бүтээлээ
Узбекистаны Самарканд хотод өчигдөр өндөрлөсөн 46 дахь удаагийн Дэлхийн шатрын олимпиадад Монгол улсын эмэгтэйчүүдийн баг 188 орноос 7 дугаар байр эзэллээ. Олон улсын мастер Б.Мөнгөнзул, Б.Мөнгөнтуул, Б.Баярмаа, Их мастер Т.Мөнхзул, Х.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй манай эмэгтэй шатарчид өчигдөр явагдсан сүүлийн өрөгт Грекийн багийг 2.5:1.5 харьцаагаар хожжээ. Ингэснээр тэд нийлбэр дүнгээр найман хожил, нэг тэнцээ, хоёр хожигдол авч, 17 оноотойгоор долоодугаар байрын болзол хангасан юм. Эмэгтэйчүүдийн ангилалд БНХАУ 20 оноогоор алтан медаль, Казахстан 18 оноогоор мөнгөн медаль, Энэтхэг 17 оноогоор хүрэл медаль хүртлээ. 3-7 дугаар байр эзэлсэн багууд бүгд 17 оноо авсан бөгөөд онооны чанараар эрэмбэлэгдсэн нь энэ юм.
Эрэгтэйчүүдийн ангилалд 205 орны 206 баг өрсөлдсөн бөгөөд манай баг тэмцээний сүүлчийн өдөр Грекийн багтай 2:2-оор тэнцжээ. Ингэснээр тэд долоон хожил, нэг тэнцээ, гурван хожигдол авч, 15 оноотойгоор 26 дугаар байрт бичигдсэн юм. Эрэгтэйчүүдийн ангилалд Узбекистан алт, Энэтхэг мөнгө, Германы баг хүрэл медаль хүртжээ. Багийн нийт дүнгээр энэ удаагийн Олимпиадад Энэтхэгийн шатарчид түрүүлж, Монголын баг 16 дугаар байрт бичигдлээ. Хувийн буюу ширээ тус бүрд гаргасан амжилтаар эмэгтэйчүүдийн гуравдугаар ширээнд наадсан Х.Баясгалан 11 өргөөс зургаа хожиж, дөрөв тэнцэн, нэг хожигдсоноор 8 оноогоор ширээндээ дөрөвдүгээр байр эзэлжээ. Монгол улс Дэлхийн шатрын олимпиадад 1960 оноос хойш 25 дахь удаагаа оролцсон нь энэ бөгөөд Монголын шатрын спортын түүхэнд ийнхүү шинэ дээд амжилт тогтоолоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.





