Буриадад баавгай агнах сургалт зохион байгуулна
Ирэх долоо хоногийн мягмар гарагт Буриадын нийслэл Улаан-Үд хотод “Зэрлэг амьтны (баавгай) тоо толгойг зохицуулах зорилгоор агнуур зохин байгуулах практик сургалт” болно. Буриадын хөдөө аж ахуйн улсын академи дээр болох уг сургалтад 16-аас дээш насны хүмүүс оролцох бөгөөд тэдэнд баавгайн биологийн онцлог, агнах зөвшөөрөл авах дүрэм журам, агнах арга хэрэгсэл, төрлүүд зэрэг олон сэдвээр хичээл заах ажээ. Сургалтыг Буриадын байгаль орчны хяналтын газрын агнуурын мэргэжилтнүүд, Буриадын мал эмнэлгийн удирдах газрын ажилтнууд, ангийн аж ахуйн удирдлагууд, баавгайн туршлагатай анчид удирдан явуулна. Баавгай агнах нь ултай бэлтгэл, уг амьтны сэтгэлзүйг ойлгох, аюулгүй байдлын дүрэм журмыг хатуу сахихыг шаарддаг, сахилга бат, олон жилийн туршлагад тулгуурласан нухацтай сорилт юм.
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны албан ёсны мэдээллээр Буриад улсад одоогоор 6,100 орчим хүрэн баавгай тоологджээ. Энэ нь Орос орон даяар баавгайн тоогоороо хамгийн олон хүн амтай бүс нутгуудын эхний аравт орох үзүүлэлт юм. Сүүлийн үед баавгайн тоо толгой олширч, мөн ой хээрийн түймэр, идэш тэжээлийн хомсдол зэрэг шалтгаанаар тайгаас хүн амьдардаг суурин газар, зам руу ирэх тохиолдол эрс нэмэгджээ.
Буриадад баавгай хүмүүс рүү ойртох, суурьшлын бүсэд халдсан тохиолдол өмнөх жилүүдээс эрс өсөж, холбогдох албаныхны анхаарлыг татаж байна. “Байкал дэйли” сонины мэдээлснээр, энэ оны эхний 9 сарын байдлаар тус улсад иргэдийн аюулгүй байдалд заналхийлсэн 260 баавгайг устгаад байгаа ажээ. Ангийн улирал болон тодорхой хязгаарлалтын хүрээнд анчид зохих зөвшөөрөлтэйгээр баавгай агнах эрхтэй байдаг хэдий ч сүүлийн үед агнуурын зорилгоос илүүтэй аюулгүй байдлыг хангахын тулд тоо толгойг нь хянах, цөөлөх арга хэмжээ түлхүү авч хэрэгжүүлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.





