Бямбын Ринчений бэр, Монголын балетын урлагийн анхдагч А.Хабаева таалал төгсөв
А.В.Хабаева. © urlag.mn

Бямбын Ринчений бэр, Монголын балетын урлагийн анхдагч А.Хабаева таалал төгсөв


   Монголын балетын урлагийн анхдагч, манай улсад мэргэжлийн балетын урлагийн хөгжлийн үндэс суурийг тавигсдын нэг Алла Викторовна Хабаева-Барсболд өчигдөр буюу 3-ны пүрэв гарагт таалал төгсчээ. 1930 онд ОХУ-ын Эрхүү хотод төрсөн А.В.Хабаева Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Театрын урлагийн улсын их сургуулийг найруулагч-балетмейстерийн мэргэжлээр төгссөн бөгөөд 1950 оны дунд үеэс Монгол улсад уригдан ирж, Улсын хөгжимт драмын театрт балетмейстер, багшаар ажиллажээ. Улмаар сонгодог бүжгийн сургалт, мэргэжлийн арга барилыг төлөвшүүлэх, залуу бүжигчдийг бэлтгэх, балетын бүтээлүүдийг тайзнаа дэглэн найруулах, мэргэжлийн сонгодог бүжгийг Монголд хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр манай улсад ийн ажиллаж байхдаа их эрдэмтэн Бямбын Ринчений хүү Р.Барсболдтой гэрлэж, хүү Б.Дэнзэн, Б.Лигдэн нарыг төрүүлсэн юм.

   А.Хабаева 1956 онд Монголын Дуурь, бүжгийн театрт Б.Асафьевын "Бахчисарайн оргилолт булаг” балетыг дэглэн тавьсан нь Монголын урлагийн түүхэн дэх анхны бүрэн хэмжээний мэргэжлийн балет болсон юм. Тэрбээр мөн Ж.Зоринагийн "Сонгино хүү” (1965), Ц.Пунийн "Эсмеральда” (1967) зэрэг балетын бүтээлүүдийг дэглэн найруулах, Б.Дамдинсүрэнгийн "Тэмцэл” (1965), Ш.Гуногийн "Фауст” (1969), С.Рахманиновын "Алеко" (1969) зэрэг дуурийн бүтээлүүдийн бүжгийн хэсгийг боловсруулахад оролцож байжээ. Мөн 1980-1989 онд Монголын Урчуудын эвлэлд архивын эрхлэгч, номын санчаар ажиллаж, Монголын дүрслэх урлагийн түүх, уран бүтээлчдийн бүтээлийг баримтжуулах, судлах, сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулсан байна. А.Хабаева 1971 онд найруулагч Б.Сумхүүгийн “Дайсны цэргүүдээ сонсоцгоо!” кинонд тоглон дүрээ мөнхөлсөн билээ. Түүний нөхөр, Монголын палеонтологийн шинжлэх ухааны гарамгай зүтгэлтэн, эрдэмтэн Р.Барсболд 2025 оны наймдугаар сарын 28-нд Улаанбаатар хотод таалал төгссөн юм.    


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.