Хөлдөөсөн хүнс яагаад дэлхийн шинэ хэрэглээ болж байна вэ?
Дэлхий даяар хэрэглэгчдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, түргэн бэлтгэхэд хялбар төдийгүй чанар, аюулгүй байдал, хадгалалтын найдвартай байдлыг хангасан хүнсний бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байна. Үүний нэг илэрхийлэл нь хөлдөөсөн хүнсний хэрэглээний өсөлт бөгөөд дэлхийн хөлдөөсөн хүнсний зах зээл 2025 онд 325 тэрбум ам.долларт хүрсэн бол 2026 онд 340 тэрбум ам.долларт хүрч, цаашид жилд дунджаар 5 орчим хувиар өсөх төлөвтэй байна. Энэ өсөлтийн цаана зөвхөн хэрэглэгчдийн “хялбар хооллох” хүсэл бус, хүнсний чанар, аюулгүй байдал, хадгалалтын хугацаа, хүнсний хаягдлыг бууруулах хэрэгцээ зэрэг олон хүчин зүйл бий.
Өнөөдөр хотын завгүй амьдралд өдөр бүр хоол хүнсээ шинээр бэлтгэх боломж хүн бүрд байдаггүй. Ажил, сургууль, гэр бүлийн амьдралын хажуугаар хоол бэлтгэхэд зарцуулах цаг багасахын хэрээр хэрэглэгчид хэдхэн минутын дотор бэлтгэх боломжтой атлаа чанар, амтыг алдагдуулахгүй бүтээгдэхүүн сонгох хандлагатай болж байна. Энд хөлдөөсөн бүтээгдэхүүний нэг том давуу тал бий. Зөв технологийн дагуу үйлдвэрлэж, хөлдөөж, хадгалсан бүтээгдэхүүн нь хэрэглэх хүртэлх хугацаанд чанараа тогтвортой хадгалах боломжтой бөгөөд хэрэглэгч шаардлагатай хэмжээгээрээ авч, бэлтгэн хэрэглэх нөхцөл бүрддэг. Ингэснээр хоол хүнсний илүүдэл хэрэглээ, хадгалалтын явц дахь хаягдлыг бууруулах боломж ч нэмэгдэнэ.
Гэхдээ хөлдөөсөн хүнсний тухай ойлголтыг зөвхөн “удаан хадгалдаг хүнс” гэж харах нь хангалтгүй. Хөлдөөх технологи нь бүтээгдэхүүний чанарыг хадгалах, бичил биетний өсөлтийг хязгаарлах замаар хадгалалтын хугацааг уртасгах боломж олгодог ч хүнсний аюулгүй байдал нь үйлдвэрлэлээс эхлээд хадгалалт, тээвэрлэлт, хэрэглээнд хүрэх хүртэлх бүх шатны зөв менежментээс хамаардаг. Тиймээс орчин үеийн хүнсний үйлдвэрлэлд хөлдөөсөн бүтээгдэхүүнийг тав тухтай хэрэглээний шийдэл төдийгүй чанар, аюулгүй байдлыг тогтвортой хангах үйлдвэрлэлийн системийн нэг хэсэг гэж авч үзэх болсон байна. Энэхүү дэлхийн чиг хандлагыг Монголын зах зээлд хөгжүүлэхээр “Грийн Какуми” ХХК хөлдөөсөн хүнсний үйлдвэрлэлээ эхлүүлж, анхны бүтээгдэхүүн болох Kakumi Roll-оо хэрэглэгчдэд хүргэж байна. Kakumi Roll нь хэрэглэгчийг заавал олон шат дамжлагаар хоол бэлтгэхэд цаг зарцуулах шаардлагагүй болгох явдал. Хэрэглэгчийн цагийг хэмнэж, бэлтгэл ажиллагааг хялбарчилж, шаардлагатай үедээ бүтээгдэхүүнээ бэлтгэн хэрэглэх боломж нь хөлдөөсөн бүтээгдэхүүний хэрэглээний гол үнэ цэнийн нэг юм.
Энэ нь зөвхөн гэр бүлийн хэрэглээнд хамаарахгүй. Хоол үйлдвэрлэл, ресторан, кафе, зочид буудал зэрэг HORECA салбарт ч бэлтгэл ажиллагааг хялбарчлах, гал тогооны ачааллыг бууруулах, бүтээгдэхүүний гарцыг тогтвортой байлгах хэрэгцээ улам нэмэгдэж байгаа. Хөлдөөсөн, стандартчилсан бүтээгдэхүүн нь ийм хэрэгцээнд тохирох боломжтой шийдэл болж байна. Хөлдөөсөн хүнс бол хадгалалтын тухай биш. Энэ бол хүнсийг илүү ухаалгаар үйлдвэрлэж, хадгалж, хэрэглэж буй дэлхийн шинэ хандлага юм.



ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







