Чингэлтэй дүүргийн Нарлаг 24 дүгээр гудамжид Өмнөд Солонгосын хаягийн системийг нэвтрүүллээ
Өмнөд Солонгосын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй мэргэжилтнүүд есдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, дотооддоо ашигладаг хаягийн системээ Монгол улсад нэвтрүүлэх төслийн ажлаа албан ёсоор эхлүүллээ. Тэд Чингэлтэй дүүргийн Нарлаг 24 дүгээр гудамж болон тус гудамжинд байрлах барилга байгууламжуудад өөрсдийн загвараар хийсэн гудамжны нэрийн тэмдэг, барилгын дугаарын пайзыг суурилуулжээ. Энэ нь тус улс дотоодын хаягийн системээ хилийн чанадад нэвтрүүлж буй анхны тохиолдол бөгөөд цаашид энэ ажлаа үргэлжлүүлж Африк, Төв Азийн таван оронд нэвтрүүлэхээр зорьж байгааг Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамнаас нь албан ёсоор мэдээлэв.
“Монгол улсын хаягийн системийг боловсронгуй болгох, хаягийн мэдээллийн системийг хөгжүүлэлтийг дэмжих төсөл”-ийг Монголын Засгийн газрын хүсэлтээр Өмнөд Солонгосын тал манай Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газартай хамтран 2024 оны тавдугаар сараас хэрэгжүүлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд 2024 оны есдүгээр сарын 23-нд Улаанбаатар хотын Сөүлийн гудамжинд хаягийн тэмдэглэгээний дурсгалын гэрэлт самбарыг анх байршуулсан юм. Төслөөр Улаанбаатар хотын хаягийн системийг тодорхой болгож түргэн тусламж, онцгой байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээ үзүүлэх, шуудан, ачаа тээврийг хялбар хүргэх, газар, үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг төвөггүй олох боломжийг сайжруулах зорилготой.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






