Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд Монголын баг дөрөвдүгээр байр эзэллээ
Киргиз улсын нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотод наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд Монголын баг дөрөвдүгээр байр эзэллээ. Дэлхийн 106 орны 3000 шахам тамирчин оролцсон уг наадмын 27 спортын төрөлд манай 135 тамирчин өрсөлдсөн байна. Нийлбэр дүнгээр Казахстаны баг нийт 27 алт, 14 мөнгө, 18 хүрэл, бүгд 59 медаль хүртэн нэгдүгээр байранд оржээ. Харин зохион байгуулагч Киргиз улсын баг тоогоор хамгийн өндөр буюу 63 медаль (24 алт, 27 мөнгө, 12 хүрэл) хүртсэн ч алтан медалийн чанараар хоёрдугаарт жагслаа. Удаах байранд ОХУ 6 алт, 6 мөнгө, 15 хүрэл буюу 27 медальтайгаар орсон бол манай баг гурван алт, хоёр мөнгө, 13 хүрэл, нийт 18 медаль хүртэн дөрөвдүгээрт оржээ. Тэгвэл тавдугаар байрыг 11 медальтайгаар Иран улс эзэлсэн байна. Дараагийн таван байранд Туркменистан, Узбекистан, Молдав, Пакистан, Өмнөд Солонгос оржээ. Харин Хятадын баг 11 дүгээр байр эзэлсэн байна.
Дэлхийн нүүдэлчдийн анхдугаар их наадам 2014 онд Киргизийн Чолпон-Ата хотод болж, 19 орны 583 тамирчин спортын 10 төрлөөр өрсөлдөж байв. Улмаар 2016, 2018 онд мөн Киргизэд болсон бол 2020 онд цар тахлын улмаас хойшлогдож, 2022 онд Турк улсын Изник хотноо зохион байгуулагдсан байна. Тав дахь удаагийн наадам 2024 онд Казахстан улсын нийслэл Астана хотод болж, дэлхийн 89 орны 2500 гаруй тамирчин үндэсний спорт, морьт харваа болон хүчний төрлүүдээр өрсөлдсөн юм. Энэ удаагийн наадамд дэлхийн 106 орны 3000 шахам төлөөлөгч оролцож, нүүдэлчин ард түмний уламжлалт спорт, соёл, өв уламжлалыг дэлхий дахинд сурталчиллаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.




