Буриадын клубт хичээллэдэг халимаг бөх Бүх Оросын цомын тэмцээнд түрүүлэв
Дамдин Манжиев шагналын тавцанд. © Чөлөөт бөхийн "Зугаалай" клуб

Буриадын клубт хичээллэдэг халимаг бөх Бүх Оросын цомын тэмцээнд түрүүлэв


   Буриадын чөлөөт бөхийн клубт хичээллэдэг Халимагийн бөх Дамдин Манжиев Бүх Оросын цомын аварга шалгаруулах сонгомол барилдааны тэмцээнд алтан медаль хүртэв. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Нижегород мужийн Бор хотод болсон уг тэмцээнд Д.Манжиев -110 килограммын жинд барилдаж, алтан медалийн төлөө Оросын өмнөх аваргатай учраа таарч ялжээ. 2025 онд тэрбээр Красноярск хотод болсон 16 хүртэлх насныхны Оросын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд 100 килограммын жинд түрүүлж, алтан медаль хүртэж байв. Өдгөө 17 настай Д.Манжиев Буриадын “Зугаалай” бөхийн клубт элсээд гурван жилийн нүүр үзэж байгаа бөгөөд мөн энэ клубт хичээллэдэг нутаг нэгт Данзан Тюрбеевийн хамтаар Буриадын нэрийн өмнөөс барилддаг байна.

   Чөлөөт бөхийн тамирчин асан, 1988 оны Спортын мастер Дамдин Жалсараев уг клубийг 2019 онд өөрийн хөрөнгөөр байгуулжээ. Зугаалай гэдэг нь Өвөр Байгалын хязгаарын Агын Буриад тойргийн Могойт аймаг дахь түүний төрсөн тосгоны нэр юм. Зугаалай тосгоноос ОХУ-ын Спортын Гавьяат мастер, Бээжингийн Олимпын хүрэл, Европын аваргын алт, хүрэл медальт, байт харвааны тамирчин Баяр Баденов тэргүүтэй ЗХУ-ын Олон улсын хэмжээний мастер 11, Спортын мастер 70 төржээ.    

   Агын Буриадын Могойт аймгаас алдартай тамирчид олноор төрөн гарсны нэг нь тус аймгийн Цагаан уул тосгоны уугуул Мунко-Бадра Дашицыренов юм. АНУ-ын Лос Анжелес хотод болсон 1984 оны Зуны Олимпыг социалист системийн орнууд бойкотолж “Дружба-84” тэмцээнийг ЗХУ-д зохион байгуулахад, байт харвааны тамирчин М.Дашицыренов алтан медаль хүртэж, тэр жилээ ЗХУ-ын Гавьяат тамирчин болжээ. Тэрбээр 1983-1988 онд ЗХУ-ын байт харвааны үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд 1985-1986 онд Европын аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлж, тивийн рекордыг шинэчлэн тогтоож байв. 38 настайдаа нас барсан түүний нэрэмжит Бүх Оросын зэрэглэлтэй тэмцээнийг өдгөө Агын Буриадад жил бүр зохион байгуулдаг байна.

   Могойтын Ага Хангил тосгонд 1990 онд төрсөн Балдан Цыжипов чөлөөт бөхийн 125 килограммын жинд ОХУ-ын гурван удаагийн аварга, Европын аварга, И.Ярыгины нэрэмжит тэмцээний аварга билээ. Мөн ОХУ-ын Алс Дорнодын аварга шалгаруулах тэмцээний аварга, Дэлхийн нүүдэлчдийн их наадмын аварга Тамир Ешинимаев, Саян Жигзымаев, Дамба Лхамажапов нарын бөхчүүдийг энд нэрлэж болох юм.  

Дамдин Манжиев, Данзан Тюрбеев нар. 2023 он. © "Буряад үнэн" сонин. 

Дасгалжуулагч Дамдин Жалсараев. 2019 он. © infpol.ru 

"Зугаалай" клубийн анхны байр. 2019 он. © infpol.ru 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.