images

Д.Нацагдорж, Ж.Цэвээн нар албан томилолтоор Сэлэнгийн Ерөөд ажилласан нь


     Ж.Цэвээн, Д.Нацагдорж нар Монголын ард түмний аж байдал, зан заншлыг судлах, К.Марксын “Капитал” зохиолыг орчуулах эрдэм шинжилгээний албан томилолтоор 1931 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс тавдугаар сарын 22-ны өдөр хүртэл 100 хоног, одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөө голын сав газар ажиллажээ. Тэд “Капитал” зохиолын тэргүүн бүлгийг монголчилсноос гадна монгол ардын аман зохиол цуглуулж, нутгийн ард түмний аж байдалтай танилцсан байна. Мөн Ходоод зэрэг газарт хамниган Гомбо зэрэг хүмүүстэй учирч угсаатны зүйн холбогдох зүйлийг сурвалжлан, Ерөөгийн Балжиннямаас хуучны үлгэр зэрэг ардын аман зохиолын тэмдэглэл авч, Сэнгээр бөөгийн элдэв зан үйлийн тухай яриулан бичиж авчээ. 1931 оны гуравдугаар сарын эцсээр Нацагдорж зарим хэрэгцээт зүйлийг нэмж авах, хээрийн шинжилгээний ажлын явц байдлаа Шинжлэх ухааны хүрээлэнгийн удирдлагад танилцуулахаар Улаанбаатарт эргэж ирээд ажлаа амжуулан Ерөө рүү буцсан байна. Буцан явах замдаа мориноос унан гараа бэртээсэн боловч замаас гэдрэг буцсангүй, Ерөө орж ажлаа үргэлжлүүлэн томилолтын хугацаагаа дүүргээд тавдугаар сарын эцсээр Улаанбаатарт ирсэн байдаг. Нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд Нацагдорж Улаанбаатарт түр ирэхдээ албан томилолтын хугацааг 1931 оны наймдугаар сарын нэгэн хүртэл сунгаж, эрдэм шинжилгээний зардлыг нэмж авах хүсэлт тавьсан боловч Хүрээлэнгийн захиргаа томилолтыг сунгаагүй ажээ. Мөн тэрбээр Улаанбаатарт ирсэн хойноо Д.Покотиловын “Мингийн үеийн Дорнод Монгол” номыг орчуулжээ. Өөрийн гараар, хортой харандаагаар хичээнгүйлэн сийрүүлсэн нэг дэвтэр орчуулга одоо Түүхийн төв архивт хадгалагдаж байна. 

Эх сурвалж: Түүхийн төр архивийн фонд-23, хадгаламжийн нэгж-284

“Дашдоржийн Нацагдоржийн бүрэн түүвэр” номоос.