images

Германаар төрсөн “Аянгат цагийн тууж”-ийн уг түүх


     "Бичигдээд 15 жилийн дараа “Аянгат цагийн тууж” нэрээр монгол хэлнээ гарсан зохиолын маань эх нэр нь “Айнэ тувинише” буюу “Тува тууж” билээ. Йоханнес Бобровски хэмээн славян нэртэй, литва гаралтай, герман хэлтэй зохиолчийн “Литва домог, түүх” нэртэй бэсрэг өгүүллэгийг унштал өөрийн нутаг усны тухай ингээд хуучилбал надад ч хэлэх юм бий дээ гэсэн бодол толгойд орж ирээд тэр даруй дээрх гарчгийг тавьж авсан санагддаг. Харин бичээд эхэлтэл миний бодсончлон аягатай цай хөрөхийн хооронд гараас гарчих уянгын бэсрэг ч биш, нэлээд сунжруу өгүүллэг болмоор бодогдоод зүрх зориг ч бяцхан алдарч байв. Гэхдээ өөрийгөө тайвшруулсхийн бичээд сууж байтал Жанибек өвгөний нэр, царай зүс аяндаа тодроод ирж билээ. Хорвоогоос буцаад тухайн үедээ 14 жил өнгөрч байсан тэр өвгөн өөрийнхөө тухай бичүүлэхээр миний ухаан бодол дотор ээлжээ хүлээгээд явж байжээ. Гэхдээ энэ Жанибекийн тухай миний заавал бичих шалтгаан биш ээ. Зайлбаргүй шалтгаан гэвэл тэрбээр зохиолын минь гол баатар Баянакийн эцэг юм. Эцгийнх нь нэр дүр үзгийн минь үзүүрээс аяндаа тодроод ирсний цаана Баянак байж байсан нь гарцаагүй. Тэгээд ч эцэг хүү хоёрыг би албаны ам цагаан цаасан дээр бичигдэж үлдсэнээр нь биш, ард түмний сэтгэлд хадагдаж үлдсэнээр нь зохиолдоо оруулж, хойчийн түүхийн өмнө тэднийг цагаатгах зорилтыг өмнөө тавьсан юм. Үзэг салгалгүй бичжээ. Сэхээ завгүй ажилласаар зохиолоо дуусгаад хартал хоёр долоо хоног өнгөрчихсөн, өөрөө би турж туйлдчихсан байж билээ. Гар нооргоо машиндаад, өнгөн хувийг нь Эрвин Штриттматерт явуулаад арваад хонож байтал баяр хүргэсэн цахилгаан утас ирсэн юм. БНАГУ-ын 1972 оны номын төлөвлөгөөнд энэ тууж болон бусад зарим зохиолоос бүрдсэн миний анхны номыг “Фольк унд Вельт” хэвлэлийн газар хэвлүүлэхээр оруулжээ. Гэтэл манай тал зөвшөөрсөнгүй. Төрийн шагналтнуудын зохиол орчуулагдаж гараагүй байхад эхлэн бичигчийнхийг гаргавал Монголын уран зохиолын талаар герман уншигчдад буруу ойлголт өгч болзошгүй гэнэ. Цаашилбал ахмад зохиолч “герман” Наваан-Юндэн гуай уншиж үзээд “Зохиол огт биш” гэжээ. Мөн “зохих албаны шугамаар” нягталсан нэн эргэлзээтэй 240 үг, өгүүлбэр жагсаажээ. Тэдгээрийн эхэнд зохиолын гарчиг орсон нь “тува” гэдэг үг. Энэ үгийн ард улаан харандаагаар гурван давхар асуултын тэмдэг тавьжээ. Хожим олон жилийн дараа монгол хэлээр арай гэж хэвлэгдэхэд нь ч эх нэрээр нь гаргах гээд дийлэлгүй, аргаа барахдаа “Аянгат цагийн тууж” болгосон билээ".

Чинагийн Галсан. “Тэнгэрийн зүүд” номоос