images

Захчин хошууны Чинрэв гэгээнийг бунхлан оршоосон нь


     Захчины Үндсэн ламтны тавдугаар хувилгаан Чинрэв гэгээн 1941 он хүртэл Ховд аймгийн Үенч, Алтай сумын Цагаан түнгэ, Улиастай, Хөх толгой зэрэг газарт хошуу хотолдоо хүндлэгдэн амар жаргалтай, тайван сайхан амьдарч байлаа. Захчин, торгууд, урианхай, халх хошуунд “Их гэгээнтэн” гэж алдаршсан Чинрэв гэгээн 1941 оны цагаагчин могой жилийн зун Бууралын хөтөлд 66 насандаа жанч халав. Модон овоо гэдэг газар гэгээнтний шарилын доор том олбог дэвсээд арц, давс асгаж битүү дээвэр оройтой шавар байшинд бунхлан оршоосон байна. Тус бунханд хэн ч гар хүрдэггүй, зул, арц хүж өргөж Давст нуураас давс сэлбэн цацдаг байжээ. 1950 оны сүүлээр би Үенч сумын дарга байлаа. Нэг зун би Модон овооны тэнд хэсгийн төлөөлөгч Доржсүрэнтэй санаандгүй тааралдав. Түүнээс “Чи энд юу хийж яваа юм? Хаа хүрээд ирэв?” гэж асуухад тэрбээр “Би Модон овоод очиж гэгээнтний бунхан үзлээ” гэнэ. “Тэнд юу байна?” гэхэд “Юу ч алга. Хатсан шарил л байна” гэж билээ. Сүүлд сонсоход Доржсүрэн гэгээнтний бунхан шарилыг онгичин алт, мөнгө эрж хайсан гэдэг юм. Тэрбээр тун удалгүй хүндээр өвдөж нилээд зүдэрч зовж байгаад нас барсан гэж би сонссон хэмээн Үенч сумын өндөр настан Л.Муушар гуай 2001 онд хуучилсан юм.

Ж.Цолоо, Б.Батжав. “Арван гурван сангийн орон” номоос