images

Тангадын хараалыг хариулсан нь


     Ховд аймгийн Манхан сумын төвийн өмнөх өндөр уулыг Баянтүмбэ гэдэг. Энэ өндөр хайрхан уулыг шажин бурхантай цагт нэг тахисан байна. Тахилгыг Төгрөгийн хүрээний лам нар, Зэрэгийн хойд эхний хүрээний лам нартай хамтран хийжээ. Төгрөгийн хүрээний лам нарыг нэгэн түвд лам ахалж, овооны баруун талд сууцгаажээ. Зэрэгийн хойт эхний хүрээний лам нарыг тус хүрээний Самдан гэвш ахлан зүүн жигүүрт суун тахилгыг эхлүүсэн байна. Тахилгын үед Самдан гэвш, тангад лам хоёр цагаан эсгий дээр зэрэгцэн суугаад Баянтүмбэ хар уулын тахилгын уншлагыг хамтран уншжээ. Уншлаган дундуур тангад ламын аягатай архи руу алтан цээжтэй, мөнгөн бөгстэй загас үсрэн орохыг Самдан гэвш харжээ. “Нутгийн газар усны савдагийг энэ тангад лам авч явах нь ээ” гэж Самдан гэвш бодсон байна. Тэгээд тангад ламд хандан “Цаад номоо аваад өг” гэж хэлэнгүүт түвд ламын тохой руу ёворч архийг нь цалгиулан асгаж орхиж. Тангад лам “Чи миний уух байсан архийг яагаад асгав?” гэж Самдан гэвшид сүрхий уурлав. Улмаар тангад лам ундууцан цухалдахдаа “Орон нутгийн чинь өвс ургамлыг сүйтгэх амьтан болж эргэж иртүгэй” гэж захчин нутгийн шорооноос атгаж цацсан байна. Энэ тангад ламын хараал хилэнгээр, цацсан шорооноос нь царцаа үүссэн гэдэг. Тэр цагаас хойш Алтайн нуруу дамжин царцаа нүүдэллэн нисэж ирдэг болжээ. Үнсэн өнгөтэй, нисэхдээ цар цар гэж дуугардаг энэ шавж хорхой нэг жил өнжөөд дараа зун нь элбэгшдэг. Өвс ногоог юу ч үгүй болтол цөлмөн иддэг хөнөөл, сүйтгэлтэй амьтан. Хар парчин гэж шувуу зарим жил бөөнөөр сүрэглэн нисэж ирээд царцаа түүж иддэг. Захчины Самдан гэвш Утай Гүмбүмийн номын оронд хүрч Алтайн сан гэдэг ном номлуулж хар парчин шувууг дуудан залж ирсэн гэдэг. Царцаа их гарсан жил Долоон дуутын цагаан овоог Зэрэгийн хойт, өмнөх эхний хүрээ, Төгрөгийн хүрээний гурван дацангийн 1500-гаад лам нар хамтран хурж, царцаа устгах хариулга, цагаан хэл амны ерөөлийн ном уншиж тахидаг байжээ. Үүнийг Зэрэг голоор нутагтай байсан өндөр настан Жибзун, Төгрөгийн хүрээний хамба лам асан Жигмэд нар ярьсан юм.

Ж.Цолоо, Б.Батжав. “Арван гурван сангийн орон” номоос