images

Бурхан шүтээнээ самуунаас нуун авч үлдсэн нь


     Ховд аймгийн Үенч сумын нутаг Улаан үзүүр гэдэг газар 1762 оны хар морин жил Дашчойнхорлон, Дашгүндэглин хийдийг байгуулжээ. Бурханы шашны гүн ухааныг сургаж судалдаг цанид дацантай байжээ. Зуу шүтээн нь мөнгөөр босгосон Хутагт Равжамбазаябандида цорж Намхайжамцын дүр, бас Баруун мөнх зуугаас VIII далай лам, Банчин эрдэнийн ивээл айлтгалаар залж ирсэн хүч төгөлдөр хүрэл Майдар бурхан, арван догшин сахиусны нэг Балданлхам, Цагаан дара эх эдгээр болно. Энэхүү дацан Улаан үзүүрт өвөлжөөд Рашаантын аманд очиж зусдаг, эсгий гэр дугантай нүүдлийн хүрээ байжээ. Үенчийн хүрээ 1931 онд Хятадын нутагт дүрвэж нүүхдээ Хутагтын гэгээн Зуу шүтээнээ орхилгүй авч хил давжээ. 1931 онд дүрвэж хил давсан захчины хоёр багийн 200-300 өрх болон хүрээний лам нар 1933 онд Үенчийн Цагаан түнгэд буцаж иржээ. Ирэх замд нь Уушиг гэдэг газар хасагууд тэдний мал хөрөнгийг тонож, өмссөн хувцсыг нь хүртэл булаан дээрэмдсэн гэдэг. Хутагтын гэгээн Зуу шүтээнээ хамуутай туранхай цагаан тормын бөхнөөс дүүжилсэн таар уутанд хийж нуужээ. Дээрэмчид хамуутай тормыг тоож аваагүй аж. Хутагтын гэгээний дүр, хамуутай тором хоёр үлдэж ийнхүү Хутагтын гэгээн нутагтаа залран ирсэн гэдэг. Сүүлд эсэргүү баривчилгааны үед ном, бурхан лам нарыг хайр найргүй устган шатааж эхэлжээ. Захчин лам нар Хутагтын гэгээн Зуу шүтээнээ бас нуун авч хоцорч чадсан байгаа юм. Зуу шүтээнээ Манхан сумын нутаг, Таван овоо гэдэг газрын Цахирын нуруунд тэмдэгт хадны ёроолд нуун залжээ. Тэнд өвөлд цас их ордог юм. Гэтэл тэрхүү бурхан залсан газар л цасгүй хар байдаг байсан гэдэг. Олон ваартай архины дунд Зуу шүтээнээ залсан хэрэг. Архи хөлдөхгүй шүү дээ. Хожим Хутагтын гэгээний шүтээн тэндээс алга болсон. Хэн нэгэн нууцлан аваад тахиж шүтэж байгаа гэсэн яриа байдаг хэмээн өндөр настан Л.Муушар 2001 оны 7 дугаар сарын 13-нд хуучилсан юм.

Ж.Цолоо, Б.Батжав. “Арван гурван сангийн орон” номоос