images

Вьетнам оюутан болж сувилуулсан нь


     "1977 оны зун МУИС-ийн оюутан биднийг Надя гэдэг орос мэргэжилтэн багшид даатгаад Хэнтий аймгийн Биндэр сум руу ажилд явуулав. Бид Биндэрт дутуу орхигдсон клубын барилга дээр хуваарилагдлаа. Үнэндээ тэр зун бараг ажил хийсэнгүй. Наадмын өмнө амраад Онон голын эрэг дээр өнжөөд орой нь буриад айл хэсэж найрлана. Ингэж наадсаар цэнгэл нь дэндээд цусны даралтаа унагачихгүй юу. Наадмын дараа ажил эхэлмэгц барилгын талбай дээр муураад унав аа. Эмч домч болж манайхан сумын эмнэлэгт аваачиж өглөө. Надя багш маань миний тухай оросоор баахан дуржигнуулчихсан, би таг дуугүй гөлрөөд, миний өмссөн комбинзон, туранхай цагаан царай, үс толгой нийлээд эмч нарт вьетнам оюутан болж харагдаж л дээ. Үг дуугүй намайг ганц ортой өрөөнд оруулж хэвтүүлээд тариа хийгээд амраав. Эмч сувилагч нар надтай дохио зангаагаар харьцаад болдогүй. Би гайхаад л. Бие муутай вьетнам оюутанд эмчилгээ хийгээд сувилж байгаа нь тэр юмсанж. Ингэж хэд хоног тухалсны эцэст би гэнэт монголоор ярьж, тэд ч итгэж ядан дахин дахин асууж шалгааж бөөн инээдэм болж билээ.

Дашдоржийн Баярхүү. “Би – Миний амьдралын тойрог” номоос