images

Батул буюу Бат-Үүл


Төрийн шагналт зохиолч Сэнгийн Эрдэнийн хууч

     1957 оны зун Хүүшийн амны зуслангийн хэдэн айлыг унтуулдаггүй орилоо амьтан манайд төрлөө. Эхнэр наадмын өмнөхөн Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржиж тийм нэг орилоо, бас болоогүй, хоёр сараар дутуу амьтан гаргалаа. Би Хүүшийн амнаас унадаг дугуйгаар эхнэртээ хоол цай хүргэж өгнө. Хэд хоногийн дараа Дорж эмчийн гурван дугуйтаар гаргаж авчраад өөрсдийгөө ч, айл хөршөө ч унтуулахгүй золигийн амьтнаа хуурайлж, тайтгаруулж ядахдаа өлгийд нь шидэж орхино. Ер тэгээд тэр цагт бид нялхсаа өлгийд нь эхэлж шидээд, дараа нь улсад “шидэж” орхидог байж. Хар нялхаас нь яслид, дараа нь цэцэрлэгт, сургуульд өгөөд өөрсдөө ажил сургуульдаа зүтгэнэ. Эхнэр бид хоёр нөгөө орилоодоо тохирох нэр олж ядаад тэр үед уншиж байсан орос романы баатруудын нэгний нэрийг өгье гэж шийдэн, шившиж байгаад хуудсыг нь сөхтөл Батул гэдэг нэртэй Ираны нэг сайн эрийн нэр гараад ирсэн бөгөөд түүнийг монголчлоод Бат-Үүл нэр өгсөн юм.

С.Эрдэнэ. “Үхэх амархан, амьдрах хэцүү” номоос