images

Ардын сургуулийн багш болсон минь


Ахмад багш Шурагийн Малчаа гуайн хууч

     Намайг 1966 онд Ховд аймгийн багшийн сургууль төгсөхөд Гэгээрлийн яамнаас хуваарь хийж Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад багш хэрэгцээтэй газар шууд хуваарилав. Гончигийн Сүнжид бид хоёрыг Увс аймгийн Өмнөговь сумын багшаа томилжээ. Тус суманд очиход орон байр байхгүй тул нэг нэг багш айлд суухаар боллоо. Өвөл нь сургууль түлшгүй болж нэгдүгээр сард багш нар түлшинд явлаа. Ингээд Ховд голд очиж түлш бэлтгэхээр болов. Цас арилгаж байгаад гэрээ бариад, надтай хамт сургууль төгссөн Тогтох бид хоёрыг гэр бүл, татлаа түлхээгүй залуу хүмүүс гээд багш нарын хоол бэлдэх тогооч болголоо. Хүйтэн гэж үгээр илэрхийлэх аргагүй, тогоонд мах чанаад гаргаж байхад захаасаа царцаж байж билээ. Өглөө босоход гэрийн хаяанаас тооно хүртэл битүү цан хүүрэг болж хонох бөгөөд багш нар үстэй дээлээ нөмрөн зуухаа тойрч суугаад дулаацдаг сан. Миний хувьд хөдөө цэвэр агаарт ажил хөдөлмөр хийж явах нь сайхан санагдаж байлаа. Тогтох багшийнх ойролцоо Улиастай бригадад байдаг тул аав нь бид хоёрыг гэртээ аваачихаар тэмээ хөтөлж ирлээ. Би морь бол сайн унадаг, харин тэмээ унаж үзээгүй байсан болохоор хоёр бөхнөөс нь зуураад нэлээд айдастай явсаар гэрт нь хүрч билээ. Тэднийд сайхан амарч хоноод маргааш нь Баян-Өлгий аймгийн Баяннуурын сангийн аж ахуй орж машин олж суугаад сум руугаа буцлаа. Өвлийн тэсгим хүйтэнд машины задгай тэвшин дээр 100 гаруй километр явахад маш их даарч хорь хүрээгүй хоёр жаахан охинд тун амаргүй байсан санагдана. Ингэд хавар хичээл тарсан хойно 5 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 20 хүртэл хөдөөгийн малчин эмэгтэйчүүдэд бичиг үсэг зааж сургах ажилд томилогдон сүүн заводод очиж ажиллаад өөрийн хэмжээнд соёлын үрийг тариад ажил үүргээ сайн биелүүлээд буцаж байлаа.