images

Наран багшийн цэрэгт мөргөхгүй бол зодуулна


Сүхбаатар аймгийн Онгон сумын өндөр настан Шагдарын Дождэрэм гуай хуучилсан нь

     1945 онд би цэрэгт татагдаад Байшинтийн дивизэд ирэв. Дайнд явахдаа Авгын хошууны Богд уулын зүүн захаар ороход хадаг яндар болсон том сүм байлаа. Өвөрмонголыг Япончууд нэлээд түйвээсэн байсан юм. Манай ангийн тагнуул хорооны дарга Дугаржав гэж халзан толгойтой хүн нэг өдөр бидний гурван цэргийн хамт тагнуулд явлаа. Дарга бидэнд нэг нэг дуран өгөв. Өөрөө газрын зурагтай гарлаа. Зарим газар дэргүүлээд, зарим газар алхуулаад явж байтал дарга “Урд нэг ноёных байгаа. Тэднийг тагнах юм” гэлээ. Жаахан явж байгаад зургаа үзнэ. Нэг худаг дээр очиж гараа угаан морьдоо усалж тушчихаад овооны ард гараад дарга дурандаад байлаа. Зүүн урд хоёр гэр байлаа.  Бид мордон хоёр гэрийн урдуур гарахад хэдэн настай хүмүүс гарч ирээд мөргөж байна. Энэ яаж байгаа юм бол гэхэд дарга бидний японы цэрэг гэж бодож байгаа юм гэнэ. Тэгээд бидэнд баруун гэрээс хүн гарч ирвэл баривчлах тушаал өглөө. Удалгүй улаан дээлтэй хүн баруун гэрээс гараад ирлээ. Би нэг цэргийн хамт нөгөө хүнийг барьж авахаар очив. Ойртон очиход залуухан эмэгтэй байсан бөгөөд бидний “Наран багшийн цэрэг” гээд мөргөж байлаа. Их наран улсын цэрэг гэж байгаа нь тэр юм байж. Бариад автал хөхүүл хүүхэдтэй эмэгтэй байлаа. Манай дарга түүнийг “За үнэнээ хэлбэл явуулна. Хэлэхгүй бол авч явна гэв. Тэгээд эрчүүд нь хаачсаныг асуухад “Наран багшийн цэрэгт явсан. Нөгөө хэсэг нь улааныхан ирнэ гээд зугатаад явсан” гэж байна.  Тэгээд “Бид Наран багшийн цэрэгт мөргөхгүй бол зодуулдаг” гэж байна. Манай дарга “Бид улааныхан чинь шүү дээ. Японы дарлалаас та нарыг чөлөөлж өгнө. Битгий мөргөж бай” гээд баахан суртал ухуулга хийгээд бид буцаж билээ.

Тамиржавын Билэгсайхан “Монголчуудын аман түүхийн судалгаа” номоос