images

Өөрөө шүүмжлэгч хүн байж шүүмжид гомдвол инээдтэй биз дээ


Зохиолч Г.Аюурзанын дурсамж

     1988 оны эхээр Баянхонгорын театрын үүдний танхимд хотоос ирсэн зохиолч Ц.Хасбаатар гуайтай азаар тааралдсан юм. Ц.Хасбаатар гуай “Маргааш зочид буудалд шүлгүүдээ аваад хүрээд ир” гээд өрөөнийхөө дугаарыг хэлж билээ. “Номгон” зочид буудлын тэрхүү өрөөнд Ч.Дагвадорж, Л.Чойжилсүрэн, Б.Бааст нарын зохиолчид сууж байлаа. Энэ уулзалт миний амьдралыг утга зохиолтой үүрд холбосон юм. Түүнээс хойш жилийн дараа намайг Москвад Утга зохиолын дээд сургуульд сурч байх үед нэг орой хичээлээс иртэл “Россия” зочид буудалд буусан нутгийн зохиолч дуудуулсан тухай зурвасыг байрны жижүүр өглөө. Явж очвол Хасаа гуай хонины шарсан гуя авчирчихсан, өөрөө хөшиглөж өгөөд “Горькийн сургуульд сурч байгаа хүн сархад тогтоож сураа байлгүй” гэсээр нэг шил нутгийн идээ гаргаж тэр оройжингоо уран зохиолын тухай олон сонирхолтой яриа дэлгэсэнсэн.1995 онд би утга зохиолын шүүмж судлал үгүй болж байгаа тухай бяцхан өгүүлэл бичин, түүндээ хэд хэдэн хүний нэр дурдаад Хасаа гуайгаа ч “Утга зохиолыг олонхийг үзэмжид захируулахыг номлодог, соцреализмыг баримтлагч” гээд шүүмжилчихлээ. Тэр өгүүлэлд нэр гарсан хүмүүс надад нэг л таагүй. Ганцхан Хасаа гуай бусдаас даанч өөрөөр хандсан юм. Дараа нь би уулзаад үүний учрыг асуухад “Би чинь өөрөө шүүмжлэгч хүн байж шүүмжид гомдвол инээдтэй биз дээ” гээд инээж суусан сан. Тийм л эрүүл сэтгэлгээтэй, жинхэнэ том хүн байсан юм.

Г.Аюурзана. “Утга зохиолын тухай яриа” номоос