images

Хэнийг минь буудаж орхив?


Ахмад багш Шурагийн Малчаа гуай хуучилсан нь

     Алтайн Урианхай хошууны Мэргэн хэмээх хоёр метр орчим өндөр нуруутай, маш мэргэн бууддаг анчин хүн байлаа. Түүнийг нэг удаа хулгайд сэрдэн баривчлахаар тахрууд очин, зугатаахад нь хад асга руу шахаж гэнэ. Мэргэн мориноосоо бууж морио үүрээд хад асга дамжин явсаар цаад талд нь гараад эргэж тэднийг буудан хөөсөн гэдэг. Мэргэний хүү Даваа, Увш нар ихэд биерхүү, бас ан авд сайн, мэргэн бууддаг хүмүүс байлаа. Мэргэн нуруу цэх өндөр, бие бялдар сайтай, зүс царай тунгалаг сайхан эр байжээ. Тэрбээр урианхай хошууны ноёны бага хатантай хайр сэтгэлтэй болсныг ноён мэдээд түүнийг гэнэдүүлэн баривчлахаар найр наадам хийжээ. Наадамд барилдаад, гурав даваад байхад нь ноёны бага хатан түүнд хэл хүргэж, нууцаар баривчлах гэж байгааг дуулгажээ. Тэр шууд зугатжээ. Түүний араас ноёны есөн тахар хөөсөн байна. Араас нь хөөсөн хүмүүс ойртоод ирэхэд Мэргэн “Бүгдийг чинь сум тоолон буудна” гэж хашгирч хэлээд, ахалж яваа хүнийх нь малгайг буудаж унагахад, ихэд сандарсан ахлагч нуугдаж хэвтээд жаахан тайвширсан хойноо хүмүүсээ тоолж үзэхэд нэг хүн дутаж гэнэ. “Хэнийг минь буудаж орхив?” гэж гаслан дахин дахин тоолж. Гэтэл мань хүн ихэд айж сандарсандаа өөрийгөө тоонд оруулалгүй нэг хүн дутлаа гээд гаслаад байсан нь тэр ажээ. Энэ зуур Мэргэн хэдийнээ зугатаж одсон гэдэг.