images

Удвал даргын буянаар тушаанаасаа алдуурсан нь


Яруу найрагч Тангадын Галсан гуай өгүүлсэн нь

    Би Баянхонгор аймагт нутаг заагдан сууж байхдаа Монголын зохиолчдын хорооны дарга С.Удвал гуайд захиа бичдэг байв. Хариу нь “Жинст сумын сургуулийн багш Найгалмаад. Эмэгтэйчүүдийн хорооноос” гэсэн хаягаар ирнэ. Эс тэгвэл замаас нь үзчихнэ шүү дээ. Удвал гуай нэг захиандаа “Үзэг нэгт нөхдийнхөө эгнээнд буцаж ирнэ гэдэгтээ итгэ” гэсэн байж билээ. 1969 оны намар Баянхонгор аймгийн төвд Уран үгсийн чуулган болов. Удвал дарга хамаг л нэртэй зохиолчидтойгоо иржээ. Мань мэт нь шүлэг унших эрхгүй. Чуулган болдгоороо болоод өнгөрлөө. Удвал дарга аймгийн удирдлагуудад “Би явахдаа нэг юм авч явна шүү” гээд сануулаад байж. Дарга нар “Айлын эзэгтэй шөлний юм авч явах гэж байгаа бие. Дориун юм бэлдээрэй” гээд тарган иргэ бэлэн болгож. Харин Удвал гуай явах өдрөө хоёр даргатай уулзаад "Би Галсан зохиолчийг авч явна аа. Та нарт ямаа, тэмээ маллах хүн олдоно. Харин надад яруу найрагч олддоггүй юм” гэжээ. Хоёр дарга мэл гайхаж “Үүнийг чинь та бид мэддэг юм биш. Галсан чинь мэддэг газартай хүн” гэжээ. Удвал дарга “Би мэддэг хүмүүсээр нь зөвшөөрүүлчхээд ирсэн юм” гэхэд хоёр дарга дуугараагүй гэдэг. Ингэж би Удвал даргын буянаар тушаанаасаа алдуурч байхад аймгийн дарга Бүнчин гуай “Да хүрээний дөрвөн уул чинь зовсон хүн жаргадаг, золбин нохой зоолдог хонхор юм шүү. Буцаад ирвэл хохь чинь, тэндээ шингэвэл аз чинь” гээд явуулж билээ.