images

“Учиртай гурван толгой”-д Нацагдоржийгоо урихаа мартаж орхиж


Төрийн шагналт зохиолч Д.Намдаг гуайн хууч

     1934 оны хавар гудамжны шороо бужигнасан нэгэн зэврүүн өдөр би “Бөмбөгөр ногоон”-оос гарангуут Нацагдоржийнх руу явлаа. Нина надад хаалга тайлж өгөв. Нацагдорж ном дэвтэр, бичиг цаас овоолсон хоолны ширээний хажууд юм бичиж сууснаа орхин намайг угтаж суулгав. Шинэхэн хийсэн хашлагат модон өлгийвч дотор хөнжилд хучаастай нялх хүүхэд нойрсож буй нь нүдэнд содон тусав. Зохиолгүй байгаа зовлонгоо тоочсоныг минь Нацагдорж анхааралтай сонсож сэтгэл хуваалцав. Нацагдоржид нэгэн аялгуутай эмгэнэлт зүйл бичих сэдэв бий аж. Тэгээд Автономитын үед үзэсгэлэнт сайхнаараа нэрд гарсан Юндэн гөөгөө хэмээх хүний бодит амьдралд тохиолдсон зүйлийг ярив. Үүнийг нь би сонсон тайзан дээр хэрхэн тохируулах арга ухаан сийлэхийг бодно. Хоёр цаг гаруй ярилцсаны дүнд нэгэн жүжгийн төлөвлөгөөг бүрэн боловсруулан гаргаж амжив. Энэ бол анхны “Учиртай гурван толгой”. Хоёр хоноод эргэж ирэхэд Нацагдорж намайг баяр хөөртэй угтлаа. Нэгдүгээр үзэгдлийг бүрэн бичээд байгаа аж. Би шууд сургуулилахаар шийдэв. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр бид хоёр сүүлдээ муудалцаж ч үзлээ. Учир нь гурав, дөрөвдүгээр үзэгдлийг бичих нь удааширч, заримдаа түүнийг эрж хайж, сүүлдээ очихоо байж гомдож тунихад хүрлээ. Тэгтэл нэг өдөр Нацагдорж өөрөө сүүлчийн үзэгдлийг авчирч өглөө. Жүжиг анх тоглоход би сэтгэл ихэд дэнслэв. Харин амжилттай дуусаж үзэгчид алга ташлаа. Тэгтэл би Нацагдоржийгоо энэ жүжигт урихаа мартжээ. Нэн тэргүүнээ нүдний буланд урт түрийг нь эргүүлсэн нимгэн хар гутал тусав. Лавлан харвал Нацагдорж. “Үгүй, чи яаж орж ирэв?” гэж асуусан хойноо яасан ч эвгүй асуулт болж орхив хэмээн санаа зовлоо. “Билет аваад ороод ирлээ” гэсэн нь надад мөн эвгүй сонсогдов. Аль вэ хоёулаа сууя гээд тайзны засал эрэг дээр сандаалахуй зүлэг орлуулсан ногоон будагт үртсэн шаваас гарыг минь үрэн байж билээ.

“Эрдэнэсийн сүмбэр уул” номоос