images

Хүүтэйгээ хамт сансарт нисэж байна гэж зүүдэлдэг


     Бид сансрын хөлөг хөөрөх цагийн урьдчилан мэдээд Жүгдэрдэмид, Ичинхорлоо нарын гэр лүү дөхөж явсан тэр өдөр бол 1981 оны 3 дугаар сарын 22 байлаа. Жүгдэрдэмид гуай хоймортоо хазаар янзалж суув. Биднийг хоймортоо уриад хөөргөө гарган мэндчиллээ. Бидний тооцоолсноор ТАСС-ын мэдээ дамжуултал 2 цаг үлдээд байв. Би Ичинхорлоо гуайгаас хүү нь сансарт гэрээсээ юм авч явъя гэсэн бол та юу өгч явуулах байсныг нь асуухад “Дулаан оймс” гэж хариулсан билээ. Бас хүүгээ зүүдэлдэг эсэхийг нь асуухад “Хүүтэйгээ хамт сансарт нисэж байна гэж зүүдэлдэг” гэлээ. Шөнийн арван нэгэн цаг өнгөрлөө. Жүгдэрдэмид гуай гараа ширээн дээр тавиад сууж байна. Ичинхорлоо гуай жишүү хараад өвдөг дээрээ ач охиноо бүүвэйлж сууна. Гэнэт радиогоор “ТАСС-ын мэдээ дамжуулъя” гэх дуулдав. Бидний удтал хүлээсэн Москвагийн цээл хоолой дуулдах нь тэр. “1981 оны гуравдугаар сарын хорин хоёронд Москвагийн цагаар 17:59 цагт ЗХУ-ын сансрын “Союз-39” хөлөг хөөргөлөө. Сансрын хөлгийг олон улсын баг: ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Владимир Жанибеков, сансрын нисэгч, шинжлэх ухаан судлаач БНМАУ-ын иргэн...” “За?” гэж Гүррагчаагийн дүү Батсүх тэсэлгүй дуу алдав. “...Жүгдэрдэмидийн Гүррагчаа жолоодож байна” гэхэд бид ухасхийн босож тэврэлдлээ. Ичинхорлоо гуай авдраасаа мөнгөн аяга гаргалаа. Модон хөнөгөөс сүү хийв. Шөнийн тэнгэрт одод гялалзана. Ичинхорлоо гуай амандаа нэг юм хэлээд тэнгэр өөд сүү өргөлөө. Юу гэж шивнэснийг нь асуухад “Хүүгийн минь алтан шар зам өлзийтэй байх болтугай гэсэн" гэж билээ.

Леонид Шинкарев. “Цэдэнбал Филатова хоёр. Хайр дурлал. Эрх мэдэл. Эмгэнэл” номоос