images

Машины дугуйн доор орох дөхсөн минь


Доктор Ш.Пүрэвсүрэн гуай хуучилсан нь

     Оюутан үедээ зуны амралт бүрээр галт тэргээр Москвагаас тав хоног түчигнүүлж Улаанбаатарт ирэнгүүт нутаг руугаа бушуухан явахсан гэхээс хоол хоолойгоор муухан давдаг байсансан. Нэг зун амралтаараа хотоос Оогиогийнхоо танил жолоочид дайгдан гарлаа. Дүүрэн ачаатай машины кабины ардхан хонхор гаргаж, гурав дөрвүүл чихцэлдэн суугаад бороо орох төлөвтэй бол толгой дээгүүрээ брезентээр хучиж орхидог байв. Хотоос гараад хоёр дахь хоног дээрээ явж байлаа. Ачаатай тэрэг ямар хурдалж базаах биш. Дээр явсан бид нам унтаж орхиж. Нэг сэртэл нөгөө жаахан хонхор дотор атиралдан сууснаас хөл дарагдаж ууц нуруу хөшин байж суухын аргагүй болжээ. Брезентээ сөхөн харвал нэг их модтой уулын ард зогсож байна. Нөгөө л хоноглох газраа ирж дээ гэж бодоод Москвагаас хэрэг болгож авсан аяны уутан хөнжлөө авч машинаас буулаа. Саруулхан зуны шөнө нам гүм. Жолоочийн сэрээхээс жаахан хулгаад чиргүүл доогуур орж хэвтсэн чинь салхи салхилах бүрд дээрээс тоос унаад болдоггүй. Чиргүүлийн хажуугаар хэвтэж үзтэл машин яг зам дээр зогссон тул хажуугаар өнгөрсөн машин дайрчихаж магадгүй гэж муу санаалаад чиргүүлийн хоёр дугуйны хоорондуур цээжээ таллан ил гаргаж бөгсөн биеэ чиргүүл доогуур хийгээд яг зүүрмэглэж байтал машин дуугарах шиг боллоо. Ухасхийн харвал хойд дугуй нь өнхөрч эхэлж байх шиг болуут хоёр хөлөө толгой дээгүүрээ давуулан шидэж амь мөлтөс гарлаа. Намайг уутан хөнжлөөсөө гарах гэж цахилгаантай нь ноцолдож байтал машин хөдөлчихсөн боловч залуугийн хар эрчээр гүйсээр чиргүүлтэй тэргийг гүйцэж кабиныг нь учир дүрсгүй балбахад жолоочийн нүд нь эргэлдэн ихэд айсан хэрнээ зогсож билээ. Болсон явдлыг ярьтал намайг баахан загнаж билээ.

Ш.Пүрэвсүрэн “Миний орчлон ХХ зуун” номоос