images

Цэдэнбал дарга манай суманд айлчилсан нь


     1957 оны намар Увс аймгийн Баруунтуруун суманд анх удаа нам зэсгийн удирдагч Цэдэнбал ирэхээр хөл хөөрцөг болжээ. Харцагаан усны хар Баян гэдэг хүнийг хурдан хонгор морьтой нь Сар толгойн орой дээр суулгаж машин Зүүнговийн хөдөөгөөс бараа нь харагдмагц сумын төв рүү давхиж очиж мэдэгдэх үүрэг өгч гэнэ. Намрын шар наранд бүтэн өдөржин даргыг ирэхийг харуулдсаар сүүлдээ тэсэхээ байгаад хадны нөмөрт дугхийж байтал машин дуугарах шиг болж, ухасхийн босоод харвал хоёр “Победа” машин Хангилцагийн голыг гаталж байж. Баян гуай хонгор морио гуядсаар машинаас хамаагүй түрүүн очиж үүргээ биелүүлж байсан гэдэг. Орой нь сумын хөдөлмөрчидтэй уулзалт хийхэд Бальдир гэдэг хүнтэй Цэдэнбал дарга тэврэлдэн уулзалдаж сүйд болцгоож гэнэ. Учрыг хожим нягталбал тэр хоёр цагтаа Эрхүүд хамт сурч байжээ. Бальдир гуай урд нь энэ талаараа бидэнд ярьдаггүй, хачин даруухан хүн байсан хэмээн тус нутгийн уугуул Д.Эрдэнэ-Очир гуай хуучилжээ.

Ш.Пүрэвсүрэн “Миний орчлон ХХ зуун” номоос