images

Монголын хамгийн том хөхтөн амьтан хандгай

Н.Ариунсайхан

Монголын хамгийн

2022-10-19


    Манай оронд 128 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэнээс хандгай хамгийн том биетэй нь. Энэ амьтан туруутны багийн бугынхны овогт хамаардаг. Дэлхий дээр найман зүйлийн хандгай байдгаас манайд шивэр молцог хандгай, Хар мөрний молцог хандгай бий.

     Хар мөрний молцог хандгай Монгол, ОХУ, Хятадад байдаг бол шивэр молцог хандгай Евроазийн бүх нутагт тархжээ. Гэвч нэн ховор зүйл тул “Улаан ном”-д оруулсан бий. Мөн манай улс хандгай агнахыг 1953 оноос хуулиар хориглосон. Энэ амьтны ховордох гол шалтгаан хууль бус ан юм. Тухайлбал, 1926-1985 оны хооронд 1.5 сая тонн хандгайн эвэр Орос руу гаргасан байна. Мөн амьдрах орчны хомсдол нөлөөлж байгаа тул бүс нутгийн үнэлгээгээр устаж болзошгүй амьтны ангилалд оруулжээ.

  Шивэр хандгай Хөвсгөлийн Улаан тайга орчим тархалттай учир энэ нутгийн байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй тус зүйлийн талаар ярилцлаа.

-Хандгайн биеийн онцлог, амьдрал ямар вэ?

-Манай эндхийн хандгайн биеийн жин 240-500 кг байна. Нас, биеийн онцлогоос хамаараад биеийн урт нь дунджаар 280 сантиметр. Хандгай 17-18 насалдаг. Байгальдаа бол 20 насалдаг гэхэд болно. Наймдугаар сарын сүүл есдүгээр сарын эхээр ороо нийллэгт ордог. Зургадугаар сарын эхээр үр төлөө гаргана. Хоёроос гурван настайгаасаа үржилд орж 1-2 хотол гаргадаг юм. Ихэвчлэн хоёр ихэр төрүүлнэ шүү. Хандгайн эрийг манжид, эмийг сүндэс гэдэг. Сүндэс төрөх үедээ ганцаараа байна. Өвөлдөө хоёр настай төлөө дагуулаад ирэхээр тодорхой хэмжээнд сүрэг үүснэ. Ер нь хотол эхтэйгээ хоёр жил хамт байдаг. Эр хандгай заримдаа 14-15-уулаа явж байдаг. Ганцаараа ч явна, цөөн тооны сүргээр ч явна. Хандгай тогтуун, тайван амьтан. Гол төлөв уул тайгад модтой газар амьдардаг. Усанд дуртай, сайн сэлдэг. Модны нахиа, улаан бургасаар хооллоно. Өвөлдөө зулзаган модны нахиа иддэг учраас цас зудад тэсвэртэй. Өөрөөр хэлбэл, өвөлдөө зутардаггүй учраас гол дайсан нь хулгайн ан, чоно хоёр. Олон чоно бол хөөсөөр байгаад барьчихдаг. Хандгай шаргал өнгөтэй хорголон баастай. Хоргол нь дөрвөн сантиметр том. Идсэн бургаснаасаа шалтгаалаад заримдаа хар өнгөтэй баах нь ч бий. Зүс нь хүрэн бараан. Ер нь зоо нуруугаараа бараан ч дөрвөн хөл нь цайвар. Холоос цагаан хөлтэй юм шиг харагддаг. Ширүүндүү, шигүү үстэй. Том толгойтой, өндөр сэрвээ, хөлтэй их гоё амьтан л даа. Толгой нь гэхэд 70-80 сантиметр урттай. Олон жижиг салаатай цул ясан эвэртэй байдаг. Эвэр нь дунджаар 8-10 килограмм болдог. Жил бүр эврээ хаяна. Аравдугаар сараас эхэлж эвэр нь унадаг. Том биетэй хандгайн эвэр эрт унадаг бол жижиг хандгайных арай хожуу унана. Арван хоёрдугаар сард өрөөсөн эвэртэй хандгай явж байх нь камерт бичигдсэн байдаг. Хандгайн эр нь эвэртэй, эм нь эвэргүй. Сэрвээний өндөр нь 210 сантиметр хүрдэг. Жижиг биетэй нь 150-160 сантиметр өндөр сэрвээтэй.

-Яаж биеэ хамгаалдаг вэ?

-Хурдан хатирч давхидаг учраас хөлийн хурдаар өөрийгөө хамгаална. Гүйцээд ирвэл урд хөлөөрөө цавчдаг. Их хурц ирмэгтэй туруутай учраас түүгээрээ зад цавчаад хаячихдаг. Бараг л хутга шиг. Амьтан ирэхээр урд хөлөөрөө самардаад л байна. Мөн хойд хөлөөрөө өшиглөнө, хайрна. Мэдээж мөргөнө. Биеэ сайн хамгаалдаг. Бие гүйцсэн хандгай дунджаар 16 сантиметр урттай, 13 сантиметр өргөн туруутай.

-Хандгай нэг газартаа амьдардаг уу эсвэл нүүдэллэдэг үү. Тархалт, тоо толгой нь ямар байгаа вэ?

-Ер нь суурин. Их хэмжээний цас орохоор идэш тэжээлээсээ шалтгаалаад тодорхой хэмжээнд холдох ч тийм ч хол явдаггүй. Өөрийн газар нутагтаа байдаг, нүүдэллэдэггүй амьтан. Хөвсгөлийн уулс, Хэнтийн нуруунд тоо толгой нь өсөж байна. Бидний тооллого, судалгаа, камерын бичлэгээс харахад ийм байна. Манай Хорьдол сарьдагт 180 орчим бий. Хойд тайгад хааяадаа тааралдана. Тэр бүр таарахгүй. ШУА-ын Биологийн хүрээлэнд тоо толгойн мэдээлэл байх ёстой. Хандгай тархсан газруудын тоог жил бүр биш ч 4-5 жилд нэг удаа гаргана. Одоо Хөвсгөл, Хэнтий, Эрдэнэт, Сэлэнгэ, Булганы хойд хэсэгт л бий.

-Баярлалаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.