“TikTok”-ийн үүсгэн байгуулагчийн хөрөнгө 105 тэрбумд хүрч, Азийн хамгийн баян хүн боллоо
“TikTok” болон “Douyin” платформыг хөгжүүлэгч "ByteDance" компанийг үүсгэн байгуулсан Жан Иминь хөрөнгийнхөө хэмжээгээр Энэтхэгийн аж үйлдвэрийн магнат Гаутам Аданиг гүйцэж, Ази тивийн хамгийн баян хүн боллоо. “Bloomberg Billionaires Index”-ийн өнөөдрийн тооцооллоор, 43 настай Жан Иминий хөрөнгийн хэмжээ 105 тэрбум ам.доллар болсноор тэрбээр дэлхийн хамгийн баян 20 хүний эгнээнд орж ирсэн байна. Түүний хөрөнгө 2019 онд 13 тэрбум ам.доллар байсантай харьцуулбал энэ нь даруй 8 дахин өссөн үзүүлэлт юм. 1983 онд Хятадын Фужяньд төрсөн Жан Иминий хөрөнгө энэ есдүгээр сард 12 тэрбумаар өссөн нь “Топ 20”-д орж ирэхэд голлон нөлөөлжээ. АНУ-д “TikTok”-ийн үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн маргаантай асуудлууд тодорхой түвшинд шийдэгдэж, олон улсын зах зээл дээрх байр сууриа хадгалж үлдсэнээс гадна “ByteDance” хиймэл оюуны салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээсэн байна. Тухайлбал, тус компанийн хөгжүүлсэн "Doubao" AI чатбот болон дүрс, текст, дуунаас видео бүтээгч "Seedance" хэрэгсэл нь Азийн технологийн салбарт хүч түрэн орж ирсэн юм.
Азийн хамгийн баян хүнээр олон жил шалгарсан, Энэтхэгийн "Adani Group"-ийн тэргүүн Гаутам Аданигийн хөрөнгө өнгөрсөн зун 120 тэрбум ам.долларт хүрч байсан ч олон улсын индексүүдийн өөрчлөлт, түүхий эд болон хувьцааны зах зээлийн савлагаааны улмаас буурч, 105 тэрбум ам.доллар орчимд ирснээр ийнхүү Жан Иминий ард бичигдэхэд хүрэв. “TikTok”-ийг одоогоос 14 жилийн өмнө бүтээсэн Жан Иминь 2021 онд “ByteDance” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгсөн хэдий ч тус компанийн томоохон хувьцаа эзэмшигч хэвээр байгаа бөгөөд Хятад улсын хамгийн баян хүн төдийгүй Ази тивийн технологийн салбараас төрөн гарсан хамгийн амжилттай бизнесмэнүүдийн нэгд тооцогдож байна.
Baidu
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.





