Монголын хамгийн том нуур Увс
Монголын хамгийн
2024-02-21
Монгол орны хамгийн том нуур нь Увс нуур юм. 200 сая жилийн настай энэ нуур уртаараа 84, өргөнөөрөө 79 км, нийтдээ 3350 км/кв талбайтай. Нуурын гүн 12-15 метр ба зарим газраараа 29 м хүрнэ. Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол нуурт цутгана. Нуурын хөвөө хужир, давс элбэгтэй зэгс, дэрс, бут, сөөг, өлөн, шагшуурга, бургас, улиас зэрэг ойтой учир малын бэлчээрт нэн таатай. Харьцангуй нам дор газар орших тул хавар эрт дулаарч, өвс ногоо өтгөн ургадаг учраас хаяа хөвөөнд нь хадлан авахад ихээхэн тохиромжтой юм. Ногтруу, галуу, улаан хошуу, бор галуу, ангир, шар алаг нугас, улаан хүзүүт болон шунхан шумбуур, гэзэгт шумбуур зэрэг 362 төрлийн нүүдлийн шувуу урин дулааны улиралд нуурт ирнэ. Увс нуурын сав газарт 72 төрлийн хөхтөн амьтад байгааг эрдэмтэд тогтоожээ. Мөн 29 төрлийн загастайгаас Алтайн сугасыг агнуурын зорилгоор ашиглана.
Нуур 10-аас 5 сард хөлдөх бөгөөд зуны цагт гадаргын температур 25, ёроолын температур 19 байдаг. Увс нуурын ай сав нь Сибирь, Төв Азийн газарзүй-уур амьсгалын зааг дээр байрладаг тул агаарын хэм маш их хэлбэлзэлтэй, өвөлдөө -58 градус, зун 47 градус хүрнэ.
Хүннү, түрэг, скифүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна 40 мянга гаруй археологийн дурсгалыг агуулдаг тул ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.