images

Монголын хамгийн өндөр тэмээ

Ж.Ариунгэрэл

Монголын хамгийн

2025-01-08


   Монголын хамгийн өндөр тэмээ Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгааг тус сумын ИТХ Фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээллээ. Энэ нь Ханбогд сумын Номгон багийн иргэн, Сумын аварга малчин Хүүгээгийн Оргодолын “Өндөр улаан” хэмээх атан тэмээ бөгөөд өнөө жил 20 нас хүрч буй энэ тэмээний өндөр 3 метр ажээ. Ханбогд сум 2019 онд анх удаа 30 мянган тэмээ тоолуулан “Гурван түмэн тэмээний баяр” хийсэн бөгөөд өнөөдөр ч Монгол улсын хамгийн олон тэмээтэй сум юм. Манай улс өнгөрсөн онд 473900 толгой тэмээ тоолсны 160 мянга нь Өмнөговь аймагт байна. 2016 онд үүлдрээр баталгаажсан Галбын говийн улаан тэмээний цөм нутаг Ханбогд сум 13 дахь удаагийн “Галбын говийн улаан тэмээний баяр”-аа энэ 9-10-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд хурдан ат, тайлаг, торомны уралдаан зохиож, сүүтэй ингэ, сайхан буур, ат шалгаруулах ажээ.

   Дэлхий дээр тэмээний гурван зүйл байдаг нь нэг бөхт тэмээ, хоёр бөхт тэмээ, зэрлэг тэмээ буюу  хавтгай юм. Нийт 19 сая тэмээний 90 хувийг наран тэмээ буюу нэг бөхтэй тэмээ эзэлдэг бөгөөд дромедар хэмээх энэ зүйлийн тэмээ хоёр бөхтэй тэмээнээс намхан байдаг. 2018 онд Саудын Арабын Аль Саяхидад болсон тэмээний уламжлалт баяраар есөн настай ат гурван метр хүрснийг дэлхийн хамгийн өндөр тэмээгээр Гиннесийн номд бүртгүүлэхээр болж байжээ. Наадмын зохион байгуулагчдын хэлснээр, тэрхүү тэмээг 80 мянган доллароор худалдаж авах санал ирсэн бөгөөд Гиннесийн номд бүртгүүлсний дараа илүү өндөр үнэ хүрч магадгүй хэмээн үзэж худалдахыг хойшлуулж байсан гэнэ.

Тэмээчин Х.Оргодол "Өндөр улаан"-ыхаа хамт. 2019 он.

Нүүр зураг дээр: Х.Оргодолын “Өндөр улаан”. Гэрэл зургийн эх сурвалж: Ханбогд сумын ИТХ.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.