Монголын хамгийн олон чоно агнасан хүн
Монголын хамгийн
2024-12-12
Чоно судлаач Тойвогийн Наранхүү 2000 онд анх, 2013 онд дахин хэвлүүлсэн “Монгол нутгийн чоно” номдоо манай улсын нутаг нутгийн анчид дундаас хамгийн олон чоно агнасан хүн хэн болох талаар өгүүлсэн хэсгийг "Монголын хамгийн" булангаараа толилуулж байна.
“Хаа газар “Манай тэр гуай хамгийн олон чоно агнасан хүн” гэсэн бодитой яриа, ойлголт байдаг бөгөөд үнэхээр нутаг хошуундаа бишрэгдсэн тийм нэртэй сайн анчид цөөнгүй байсан, одоо ч бий. Олон чоно агнана гэдэг цаг хугацаа, орон зай, орчин нөхцөл, бодит бололцоо, мэдлэг дадал, эв дүй гэхчлэн олон хүчин зүйл шаарддаг, ихээхэн нарийн төвөгтэй ажил. Чухам хэдэн чоно агнасан хүнийг олон чоно агнасан гэх вэ? Чоно цөөтэй Дундговьд нэг өөр, Дорнод, Сэлэнгэд гэвэл бас л өөр. Нөгөө талаар чухам хэдэн жилд амжуулав гэдэг ч сонин. Батлах олон үзүүлэлт байдаг. 1967 оны байдлаар Монголын хамгийн олон чоно агнасан хүнд Пунцагийн Гэндэн гуай зүй ёсоор орж байв. П.Гэндэн гуайн хувьд 1940, 1950-аад онд хилийн цэрэгт отрядын даргаар олон жил ажилласны дээр 1960-аад онд Хөвсгөл, Сүхбаатарт аймгийн даргаар ажиллаж явсан хүн. Чоно үнэхээр элбэгшиж байсан тэр цагт Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаж байжээ. Түүнтэй ижил төрлийн ажил хийж, дотно нөхөрлөж явсны хувьд өөрөөс нь чонын тухай олон зүйл асууж сонирхон мэдсэний дээр, тохиолдсон сонин явдлаас нь бишгүй яриулж билээ. Нийт хэдэн чоно агнасан тухай асуухад тэрбээр ийн ярьсан юм.
“1940-1950-иад оны Монголын зүүн хязгаар, Сүхбаатар аймгийн нутаг дахь Онгоны отрядаас зүүн тийш Шилийн богд, Чоно гол, Дорнод аймгийн Вангийн цагаан уул, Сангийн далай, Тамсагбулаг, Буйрын сав газар, Хамар даваа, Соёлзын нуруу хүртэлх өргөн уудам нутаг ёстой л чонын орон байлаа. Отряд, заставынхан хэдэн малаа хамгаалах гэж үйлээ үзнэ. Хэрэг дээрээ чонотой хуваагаад л иднэ. Алдсанаа цагаан зээрээр нөхнө. Тэр зэлүүд нутаг руу явдаг анчин ер нь ховор, явахын ч аргагүй нутаг. Машин тэрэгтэй хүн ховор. Харин отрядын дарга ГАЗ-67, эсвэл М-8 унана. Би чоно агнах гэж дурладаг байлаа. Газрын сайхан, чонын олныг сонгож хөөцөлдөнө. Өглөөд дурандаад ганц хоёр чоныг бол тоохгүй орхино. Сүрэг чоно олоод цэгцийг нь салгаад хөөж явахад өөр сүрэг тааралдах тохиолдол ч бий. Явдал дундаа арваадыг авчих энүүхэнд. Хагас бүтэн сайн өдрөөр яваад хорь, гучаадыг агнана. Нэг жил Халх гол руу амралтаараа тав хоног яваад 80-аад чоно агнаж билээ. Тэр цагт чоно гэрэл үзээгүй байж. Шөнө тааралдсан чоно хөдөлгөөнгүй гайхаад зогсоод байна. Чоно их олшрохоороо хэнэггүй болдог юм билээ. Сүрэг чоно бол юуг ч эс тооно. Сүүлд намайг Сүхбаатар аймгийн даргаар арав гаруй жил ажиллах үед чоно урьдынхаасаа харьцангуй цөөрсөн, их хашир, дайжимтгай болсон байв. Гэхдээ хоосон ирэхгүй. Явсан л бол гурав, дөрвийг төвөггүй авчихна. Хүнд чинь нууцлах, хэлэх хэлэхгүй, болгоомжлох юм гэж байна. Би агнасан чонын тоогоо хүнд хэлдэггүй. Тэгэхдээ чиний гуйлтыг бодов. Албан ёсны юманд битгий ашиглаарай. Агнасан чонын тоо 1000 хүрэхэд 34 дутуу” хэмээн ярьж билээ.
П.Гэндэнгийн агнасан чоно үнэхээр тоогоо алдсан гэдгийг Дорнод, Сүхбаатар аймгийнхан, цэргийнхэн ярих юм билээ. “Таны чоно агнадаг гол арга юу байв?” гэж асуухад тэрбээр “Дурангийн холч, машины хүч, бууны сайн, сумны олон, жолоочийн зангараг, Гэндэнгийн тэнгэр л биз” гэж хошигнож байсан нь санаанаас гардаггүй юм”.
Т.Наранхүү. “Монгол нутгийн чоно”. 2013 он. 114-116 дугаар тал.
Зураг дээр: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын анчид. Баруун гар талаас Ч.Бат-Очир, Улсын тэргүүний анчин Балбар. 1968 он.
Гэрэл зургийн эх сурвалж: Монгол Гөрөөч Фэйсбүүк хуудас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.