images

Д.Давааням: Мэргэн буудагчид эхний нэг сумыг алдах эрх байдаггүй

Н.Ариунсайхан

Монголын хамгийн

2023-10-03


Хил хамгаалах байгууллагын тусгай хүчин буюу Хилийн цэргийн 0303 дугаар ангийн алба хаагч Д.Даваанямтай ярилцлаа. Тэрбээр цэргийн ангидаа анх холбоочин буудагчаар элсэж 2015 онд мэргэн буудагчийн албан тушаалд томилогдсоноор Монголын анхны эмэгтэй мэргэн буудагч болж байжээ.

-Та яагаад цэргийн хүн болохоор шийдсэн бэ?

- Би Төв аймгийн Угтаалцайдам сумын хүүхэд. 2008 онд ахлах сургуулиа төгсөөд 2013 оныг хүртэл Баянгол дүүрэг дэх “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуульд суралцаж төгссөн. 2014 оны 12 дугаар сард Хилийн цэргийн 0303 дугаар ангид шалгалт өгсөн юм. Уг нь би биеийн тамирын багш-дасгалжуулагч, арга зүйч мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд жил гаруй хугацаанд том охиноо хараад гэртээ байсан юм. Тэгээд ажилд орохоор шийдэж нэг өдөр хилийн ангид очиж, хүний нөөцтэй нь уулзахад  шалгалт өгөөрэй гэсэн хэрэг. Тэгтэл хамгийн түрүүнд өгөх шалгалт нь бие бялдрын шалгалт байлаа. Уян хатан байдал, хурд, тэсвэр, авхаалж самбааг минь шалгах гэнэ. Авхаалж самбаа нь гэхэд 50 см өндөртэй тавцан дээгүүр харайлгана. Тэгээд суниалт, гэдэс таталт, 3000 болон 100 метрт гүйлгэсэн. Цасан шуургатай өдөр байсан ч бүх шалгалтаа нэг өдөр багтаагаад л авна гэж байлаа. Тэгэхээр нь нөхрөө “Миний хувцсыг аваад ирээрэй” гээд гэр лүүгээ явуултал пүүзийг маань мартаад ирчихэв. Яах аргагүй цаг нь тулсан учраас өмсөж байсан монгол гуталтайгаа шалгалт өгөв. Хүнд гуталтай, нялх биетэй  байсан ч шазуур зуугаад л зүтгэсэн. Гүйж харайх зарим даалгаврыг гүйцэтгэх явцад урагшаа явж өгөхгүй хальтраад, газар ахиж өгдөггүй дээ. Гэхдээ л зорилгоо биелүүлээд даваад гарсан. Хилийн ангид шалгалт өгөх болсон нь миний эзэмшсэн мэргэжилтэй холбоотой. Дээрээс нь цэргийн ангид ажиллана гэдэг надад зарчимч, хариуцлагатай ажил санагддаг байсан. Нөхөр маань ч Зэвсэгт хүчний 065 дугаар цэргийн ангид ажилладаг, хошууч цолтой, радио техникийн командын офицер мэргэжилтэй хүн. Өмнө нь ажиллагааны офицер байсан. Сургуулиа төгсөөд жил гаруй гэртээ суусан надад тэр дасгалуудыг хийхэд маш хүнд байсан. Ямар ч хүн бэлтгэл сургуулилтгүй удаан хугацааны дараа гэнэт дасгалд ороод ирэхээр их ядардаг. Ялангуяа төрөөд удаан хугацаанд хөдөлгөөн муутай байхаар булчин, эд эсэд сүүн хүчил маш их хэмжээгээр хуримтлагддаг. Тэгж хуримтлагдахаар ачаалал даах чадвар багасчихдаг юм. Миний хувьд өмнө нь гаргаж байсан тэсвэр тэвчээр, энерги байхгүй уруул чимчигнээд, царай хөхрөөд л байсан. Больё гэж байсан ч миний дотоод хүн заавал хийх ёстой гэсэн хүслээр шалгалтынхаа ард гарсан даа.

-Тухайн үед тантай хамт хэдэн хүн шалгалт өгч байв?

- Надтай нийлээд гурван хүн байсан. Би ганцаараа эмэгтэй нь. Анх цэргийн ангидаа ороход надад мэддэг ганц ч хүн байгаагүй. Чиглүүлж ч байсан хүн үгүй. Миний санаж байгаагаас гардан тулааны сургагч, багш Х.Онолбек хошууч надаас шалгалт авч байсан. Ангидаа шалгалт өгөөд орсны дараа Х.Онолбек багш намайг “Чи ч монгол гуталтай сайн гүйсэн шүү” гээд инээж байв.

- Цэргийн анги, байгууллагад эмэгтэйчүүд хэр олон байдаг вэ?

- Ямар ч цэргийн ангид нийт бие бүрэлдэхүүний 60-70 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Үлдсэн нь бүгд эмэгтэй алба хаагч, ажилчид байна. Өөр бусад чиглэлийн цэргийн байгууллагад ч хүний нөөц, архивч, тогооч, нярав нягтлан, эмч, ар талын ажилтан гээд эмэгтэй алба хаагч олон бий. Миний хувьд гэвэл хилийн цэргийн 0303 дугаар ангийн тусгай томилгоот бүлэгт хянагч буудагчийн албан тушаал хашиж байна. Мэргэн буудагчийн бүлгийн нэг гишүүн гэсэн үг. Үндсэн чиг үүргээрээ бол манай анги хил хамгаалах байгууллагын командлагчийн номер нэг бэлтгэл хүч гэж тооцогддог.  

Бэлтгэлийн үеэр.

-Та хэзээнээс мэргэн буудагч гэгдэх болсон юм бэ?

- Хамгийн анхны буудлагын тэмцээндээ мөнгөн медаль авснаас хоёр сарын дараа мэргэн буудагчийн албан тушаалд очиж байсан. Хил хамгаалах байгууллагын газрын даргын 2015 оны тавдугаар сарын 8-ны өдөр ангийн захирагч, хурандаа Ганхуяг бие бүрэлдэхүүний өмнө “Монгол улсын анхны эмэгтэй мэргэн буудагч боллоо” гээд албан тушаал, цолыг минь гардуулж өгсөн. Өмнө нь манай улсад мэргэн буудагч гэгддэг эмэгтэй байгаагүй юм билээ. Гэхдээ өөр төрлөөр бол бусад хүчний байгууллагад анхны гэсэн тодотголтой маш олон ур чадвартай эмэгтэйчүүд бий. Хүчний байгууллагуудын улсын аваргын тэмцээн дээр тийм эмэгтэйчүүдтэй олон таарч өрсөлдөж байсан. Тэд нар маань эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн эн тэнцүү өрсөлдөж байгааг харахад баярладаг. Би гурван жил мэргэн буудагчаар ангидаа ажиллаж 2018 онд бага хүүгээ төрүүлэхээр жирэмсний амралтаа авсан юм. Тэгээд эргээд ажилдаа орох үед манай ангийн захирагч, удирдлагууд зөвлөлдөж мэргэн буудагчаар биш тасгийн пулемётчиноор авч байлаа. Захирагчийн зөвлөлийн хурлаас гараад явж байхад “За юу болов?” гээд л албаны хамт олон минь шалгааж гарсан. Тэгэхээр нь би инээгээд “Намайг тасгийн пулемётчиноор тавьсан. Хүмүүсийн албан тушаал томордог бол миний буу л томроод байна шүү” гэж, бахархалтай хэлээд явж байлаа. Өмнө нь Оросын мэргэн буудагч Е.Драгуновын СВД буюу винтов буу барьдаг байв. Энэ бол 1958-1963 оны хооронд Е.Драгуновын удирдлага дор хэсэг зохион бүтээгчид хамтран гаргасан винтов юм. Өнгөрсөн хугацаанд нэг биш удаа шинэчлэн сайжруулсан ч одоо бол хөгширсөнд тооцогдоно. 600 метрийн цаана байгаа дайсныг ямар ч тохиолдолд аюулгүй болгох чадалтай. Харин тасгийн пулемётчин овор хэмжээ, жин ихтэй буу барина. Өмнө нь үүрдэг байсан мэргэн буудагчийн буу өөрөөс минь уртаараа илүү байсан бол одоогийнх нь овор хэмжээгээрээ илүү том болжээ. Хүн мэдлэг мэргэжил, албан тушаалынхаа боол нь биш хаан нь яв гэдэг. Тийм учраас би өөрөө ямар ч зүйлд бууж өгдөггүй.

-Мэргэн буудагч болохын тулд ямар үе шат дамждаг вэ. Хувь хүнээс ямар ур чадвар шаарддаг бол?

- Эхний удаа буудагчид олгогдсон тухайн зэвсгийнхээ тактик техникийн өгөгдөхүүн буюу бүх эд ангитайгаа сайтар танилцана. Тухайн зэвсгээр байгаа хэрхэн зөв онилох, яаж хараалах, яаж галлах гээд тэр бүх зүйлийг суралцдаг. Хичээлийн явцад багшийнхаа л үгийг нэг бүрчлэн тархиндаа суулгах хэрэгтэй. Анхлан суралцагчид галт зэвсэг ашиглах бүрт багш хажуунаас давхар зөвлөж байдаг л даа. Мэргэн буудагч эхний нэг сумыг алдах эрх байдаггүй. Зөвхөн тэр ганц сумаар дайсны хамгийн гол цөм хүчийг устгаж өөрийн талын олон дайчдадаа үүрэг гүйцэтгэх боломжийг гаргаж өгдөг. Мөн байрлалаа дайсанд хэзээ ч мэдэгдэх ёсгүй байдаг. Харин тасгийн пулемётчины буу нь нэг дор олон байг дараалан устгах зориулалттай.

- Та мэргэн буудагч байхдаа ашиглаж байсан бууныхаа эд ангийг тайлбарлаж болох уу?

- Нэг бүрчлэн тайлбарлах боломжгүй. Галт зэвсгийн тухай хуулиндаа нууцлалтай байх ёстой гэж заадаг. Мэргэн буудагч бууныхаа дурангаар хараалж байгаа онилдог. Бусад механик буунаас бага зэрэг ялгаатай. Мэргэжлийн хэллэгт гурван бие чацуулна гэж ярьдаг юм. Мэргэн буудагчийн винтовын дуран нь дотроо сектор буюу схемтэй байна. Тэрийг зөв ашиглаж сурах хэрэгтэй.

- Цэргийн энэ онцгой эрдмийг гардаж заасан багш нарынхаа талаар яриач?

- Надад хамгийн анх галт зэвсэг зөв барихыг дэд хурандаа Энхтүвшин зааж байлаа. Анх би цол аваагүй энгийн албан тушаалтан байсан мөртлөө автомат буу барьж дадлага хийж байсан. Тэгээд Налайх дүүргийн хүчний байгууллагуудын дунд болдог марш тактикийн тэмцээнд оролцсон юм. Тухайн үед анхны цэргийн тэмцээн ч байлаа, олон нийтийн өмнө ч анх гарлаа, их л сандарсан. Тэгж сандарч байж багшийнхаа хэлсэн зарим үгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн байна лээ. Тэмцээний буудлага дээр “Тэр гурвыг л чацуулах ёстой. Тэгээд гох дарах ёстой” гэхээс өөр юм бодолгүй шууд л буудсан, буу буцаж ойгоод тийрэхэд дээд уруулаа цус хуртал цохиулж байсан. Тэгтэл багшийн хэлсэн “Зөв шагайх ёстой. Хэрвээ буруу шагайвал тийрэлт өгч буцахдаа хүний нүүр, мөр хэсгийг гэмтээх эрсдэлтэй” гэсэн үгийг сонсолгүй өнгөрүүлсэн юм билээ. Цэргийн эмэгтэйчүүдийг ер нь л эрэгтэй алба хаагчид бэлддэг. Эрэгтэй хүн практикт товч мөртлөө маш ойлгомжтой, хурдан цээжилж дадал болгох хэмжээнд сургадаг юм.

- Бэлтгэл сургуулилт, тэмцээн дээр жинхэнэ байлдааны зэвсэг ашигладаг уу?

- Эхэндээ аюулгүй байдлын үүднээс олон удаагийн хуурай буюу байлдааны сумгүй бэлтгэл хийдэг. Нэг зүйлийг мянга хийвэл зуршил болчихдог доо. Уйгагүй сургуулилт хийж байж сайн үр дүнд хүрнэ. Ангийн захирагч маань намайг галт зэвсэг дөнгөж ашиглаж эхэлж байхад л “Сайн буудаж байна. Даваанямыг мэргэн буудагч болгоно” гэж хэлж байлаа. Тийм үг сонссон хүн чинь урамшаад л улам хичээмээр санагдсан. Ер нь хүн ачаалал авах тусам булчин, эд эсүүд нь дасан зохицоод, сайжирдаг юм билээ.

Мэргэн буудагч Д.Давааням.

- Буудлагын улсын аваргын тэмцээнд оролцож байсан тухайгаа яриач.

- Би 2022 оноос улсын чанартай тэмцээнд орж эхэлсэн. Түүнээс өмнө 2017 оны нэгдүгээр сард Олон улсын болон Монголын практик буудлагын холбооны сургалтад салааныхаа хоёр мэргэн буудагчийн хамт сууж байлаа. Тэгэхэд практик буудлагын холбооны ерөнхийлөгч Д.Наранбаатар гурван хоногт хичээл зааж байсан. Тэр богино хугацаанд бид винтов бууны PSO дурангийн дотор сектор, тухайн дуранг яаж ашиглахаас гадна бэлтгэл явцдаа автомат буугаар нэг секундэд хоёр сум тавих зарчмыг сурч авсан. Харин 2022 оны хоёрдугаар сард дээрх хоёр холбооны гишүүнчлэлийн сургалтад ангийн захирагч Д.Мөнбиш, өөр хоёр алба хаагчийн хамтаар дөрвүүлээ хамрагдсан юм. Тэндээс эхлээд тэмцээн уралдаанд оролцох эхлэл тавигдсан гэж болно. Амжилт гэвэл 2020 оны улсын аваргын эмэгтэй ангилалд түрүүлж, багаараа хүрэл медаль хүртэж байв. Тухайн үед миний хөл гэмтээд хавдаад доголчихсон явж байсан. Практик буудлагыг зүгээр нэг зогсож бууддаггүй юм. Зохиомол бартаат обьект дотор гүйдэг. Тухайн тэмцээний зохион байгуулагчдын зааж өгсөн талбайн өнцгийн радиус дотор галт зэвсгийн хошууг тохируулж авч явна. Тэр нь буугаа замбараагүй авч явахгүй, аюулгүй байдлыг чандлан сахина гэсэн үг. Харин шүүгчид  хурдтай, тэсрэлттэй, цэцтэй буудах шаардлагыг тэмцээнд оролцогч нарт тавина. Энэ тэмцээний дараа Генерал Ш.Жадамбаа агсны нэрэмжит буудлагын тэмцээнд багаараа мөнгөн медаль хүртэж байлаа. Энэ жил дахиад багаараа оролцоход мөнгө, хувийн дүнгээрээ хүрэл медаль хүртсэн.

- Зэвсэг техник, цэргийн албанд дурлах шалтгаан тань юу байсан юм бэ?

- Одоо бол миний хамгийн дуртай зүйл болсон байна. Би хүүхэд байхдаа адал явдалтай, маш олон киног үздэг байсан юм билээ. Оросын нэг анчин мэргэн буудагчтай киног бол дахин дахин үзнэ. Сүүлд гарсан “Т-34” нэртэй киног бүр олон удаа үзсэн. Цэргийн энэ кинонууд дээр тасаг бүлгээр ажиллах ур чадварыг маш ойлгомжтой гаргадаг нь сонирхлыг минь татсан байх. Эрэгтэй хүмүүс хүртэл хорхойсоод байдаг зүйлийг нь өөрөө хийгээд үзчихсэн болохоор улам татагдсан.

- Мэргэн буудагч ойролцоогоор хэдэн метрийн зайнаас байгаа онилдог юм бэ?

- Миний хэлээд байгаа PSO дурангийн секторт тухайн мэргэн буудагчийн зайгаа хэмжих нэгжүүд нь байдаг. Тухайлбал, хэдэн метрт байна гэдгээ дурангаараа мэдэх боломжтой. Бас бүлгийнхээ хянагч буудагчтай хамтран ажиллана. Тэр хүн мэргэн буудагчийн хажуу талд ойр тойрны орчин нөхцөл, цаг агаар, салхины хүч зэргийг хэмжиж бүгдийг нь тооцоолж өгнө. Тэр хамтын ажиллагааны үр дүнд буудалт амжилттай болох нөхцөл бүрдэнэ. Би хамгийн холдоо 800 метрийн зайнаас СВД-гээр буудаж байсан. Харин сүүлийн үеийн буугаар гэвэл 300, 500 метрт буудаж байлаа.  

- Танд галт зэвсэг бодитой хэрэглэх  шаардлага тулгарч байсан уу? Тухайлбал, амьд биет дээр?

- Одоогоор тийм тохиолдолтой учраагүй байна. Би тангараг өргөсөн, эх орныхоо хилийг харж хамгаалах үүрэгтэй учраас ямар ч зүйлтэй учирч болно. Хэзээ нэг өдөр хэрэглэх шаардлага гарвал амь нь эс тусах газар онилно доо. Харин бэлтгэл сургуулилтын явцад цээжин дүрстэй цаас болон төмөр бай дээр хуурай дадлага хийдэг. Зарим үед дронд шаар зүүж бууддаг. Ингэхдээ урьдаас хөдөлгөөнийг нь мэдрээд байршлаа тааруулна. Зай нь тодорхой болчихвол хянагч буудагчаас салхины хурд, зай, сумны нисэлт, тусгалын мэдээллийг аваад үүргээ гүйцэтгэнэ. Хянагч буудагч байхгүй үед мэргэн буудагч өөрөө бүгдийг нь тооцох ур чадварт суралцсан байх хэрэгтэй.

Бүлгийн ажиллагаа.

- Зайлшгүй бүлгээр ажиллах ёстой юу?

- Мэргэн буудагч заавал бүлгээр ажиллана. Уг бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ байж тухайн тактик ажиллагаа, ямар нэгэн обьект чөлөөлөх, дайн байлдааны үед үүрэг гүйцэтгэх боломжтой. Манай тусгай ангид чадварлаг мэргэн буудагчид байгаа. Сайн буудна, бүгд залуучууд, тэдэнтэй л хамтарч ажиллана.

- Та өөр хүнд галт зэвсэг эзэмшихийг зааж байна уу?

- Үгүй ээ. Би гүйцэтгэх албан тушаалтан учраас хэн нэгэн багшаас сурснаа ажилдаа хэрэгжүүлнэ.

- Спортын буунаас байлдааны зэвсгийн ялгагдах гол онцлог юу вэ?

- Эсэргүүцэх хүчин чадал өндөр, маш хол тусгалтай байдаг. Тэмцээн, дасгал сургуулилт дээр ашиглахад буцаад хүчтэй тийрэлт өгдөг, овор хэмжээ их, хүнд. Арга техник нь ч нарийвчлалтай болж ирнэ. Спорт буу бол гэдийх ч юм уу ямар нэгэн хүчтэй хөдөлгөөн тухайн хүндээ үзүүлэхгүй, гарын аясаар л байдаг гэж хардаг.

- Та хил дээр хэр хугацаанд үүрэг гүйцэтгэж байв?

- Үүрэг гүйцэтгэхээр хоногийн 24 цаг, долоо хоног, бүтэн сар гэрээсээ хол явах нь бий. Манай анги хилийн аль хэсэгт зөрчил илэрнэ, тийшээ нэмэлт хүч болж очдог. Хил зөрчигчийг илрүүлэх, арга хэмжээ авч шийдвэрлэх, дараагийн шатанд уламжилж хүргэх зориулалттай.  

- Та бас уулын шүхрээр хичээллэдэг юм билээ. Хэзээнээс хичээллэв?

- 2022 оны 12 дугаар сарын 14-нээс эхлэн 45 хоног “Фалькон” клубын А.Батдаваа багшийн удирдлага дор уулын шүхэрт суралцсан. Өөрөөс минь гарах ур чадвар, боломж хэр өндөр вэ гэдгийг шалгасан, сорьсон зүйлд би их дуртай юм билээ. Өндрийн буултаар буух олон техник бий. Хамгийн гоё нь шууд алхаж буух. Уулын шүхрээр ихэвчлэн 300-400 метрийн өндрөөс буулт хийдэг. Шүхэрт олон цонх нирүүр, агаар дүүргэгч, строп утас байна. Агаарын нягтрал, салхины хурдаас шалтгаалаад дээш доош хөөрөх бүх процесс нь явагдаж байдаг. Мэдээж багшийн үг, өмсөж зүүх тоног хэрэглэлийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал нэгт. Үсрэхээсээ өмнө заавал багшдаа шалгуулж байж нислэг үйлдэх ёстой. Бэлтгэлээ Ар гүнтийн Сүмбэр, “Sky Resort”-ын дэргэдэх Чулуутад хийж байсан. Уулын шүхэрт газрын бэлтгэл нэн чухал. Тэр нь шүхрээ салхитай үед татаж босгоод агаараар дүүргэн дээрээ гаргаж тогтоох юм. Тэрийгээ машин барьж байгаа мэт жолоодож, маш нямбай байх хэрэгтэй байдаг.

- Ярилцсанд баярлалаа. Таны хэлэх үгээр энэ яриагаа дуусгая.

- Энэ жил Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жилийн ой тохиож байгаа. Тийм учраас манай хилчин бүсгүй ахмад Л.Номингэрэл ойдоо зориулж гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж бэлэг барьсан болов уу. Олон мянган хилчин болон цэргийн эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд “Та нар минь гайхалтай хүмүүс шүү!”. Хилчид эх орныхоо төлөө юу хийж чаддагийг надаар төлөөлүүлэн харуулах гэж зорьсон Хил хамгаалах байгууллагын гэрэл зурагчин, ахмад Л.Номингэрэл танд бас баярлалаа. Л.Номингэрэл ахмад бид хоёр сардаа 4-5 удаа уулздаг байв. Тэмцээн уралдаан, янз бүрийн сургалт, бэлтгэл болонгуут дарга нараасаа үүрэг чиглэл аваад л зураг авах ажлаа төлөвлөсөн. Тэгээд бороо, цастайд, шороогоор шуурч байсан ч ажлаа үргэлжлүүлж л байна. Шавхай дээр өвдөглөчихсөн, борооны шавартай ус нүүрэн дээр нь үсэрч байхад камераа бариад л зогсож байна. Миний хийж байгаа нэг үйлдлийг авах гэж 50-60 зураг дарна. Тэр дундаасаа сонгоно. Тэгээд л саяхан олонд хүрсэн “Таван амьдрал” гэрэл зургийн үзэсгэлэнд тавьж, хилчин эмэгтэйчүүдийн ажил үйлсийг гэрэл зургаар таниулсан даа.

 Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн тусгай архивын гэрэл зурагчин, ахмад Л.Номингэрэлийн зөвшөөрлөөр дээрх гэрэл зургуудыг авч нийтлэв.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.