images

Монголын анхны Олимпын медальтан

Б.Бадамзул

Монголын хамгийн

2024-10-04


   Одоогоос 56 жилийн өмнө буюу 1968 оны аравдугаар сард Мексикийн нийслэл Мехико хотноо болсон зуны XIX Олимпын наадмаас монголчууд анхны медалиа хүртсэн билээ. Тус наадмын найм дахь буюу чөлөөт бөхийн тэмцээний дөрөв дэх өдөр Монголын тамирчид анхны бөгөөд дөрвийн зэрэг медаль хүртсэн юм. Тэр өдөр эрэгтэйчүүдийн 52, 70, 78, 87 кг-ийн жинд хүч үзсэн тамирчид гурван хүрэл, нэг мөнгөн медаль авснаас анхдагч нь хамгийн хөнгөн жингийн бөх Чимэдбазарын Дамдиншарав болжээ. Тэрбээр хүрэл медалийн болзол хангаад дэвжээнээс буух мөчид нөгөө гурав нь медаль авах эсэхээ шийдэх чухал барилдаанаа хийхээр хүлээцгээж байсан гэдэг. Энэ талаар тэрбээр “Манай гурван тамирчин намайг тэвэрч аваад “За, медалийн салхийг чи хагаллаа. Бид одоо үргэлжлүүлнэ” гэж хэлсэн тухай дурссан байдаг. Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд 1945 оны гуравдугаар сард хувилгаан С.Чимэдбазарын дунд хүү болон мэндэлсэн тэрбээр “Токио 1964” Олимпод 19 настайдаа зодоглож есдүгээр байр эзэлсэн юм. Өөрөөр хэлбэл, Ч.Дамдиншарав Монголоос Олимпод оролцсон анхны тамирчдын нэг билээ.

   15 настай Ч.Дамдиншарав Монгол улсад чөлөөт бөхийн спорт анх нэвтэрсэн 1960 онд Улаанбаатарт иржээ. Аав, ээжийн аль ч талаасаа бөхийн удамтай, ах дүү нартайгаа ноцолдож өссөн, үндэсний бөхийн хорхойтон хүү 1961 онд чөлөөт бөхийн спортыг сонирхон хичээллэж УАШТ-ий аварга болоод нутагтаа харьсан гэдэг. Улмаар Монгол улс 1962 онд Олон улсын Олимпын хороонд элссэний дараа 1964 оны Олимпод оролцохоор морджээ. Тэр үед аав, ээж нь нутгийн улсаас энэ мэдээг ам дамжуулан сонсоод 30 төгрөгөөр радио худалдан авч Олимпын мэдээ чагнадаг болсон тухай тэр нэгэнтээ хүүрнэсэн байна.

   Монголын анхны Олимпын медальтны өвөг эцэг нь Халхын тамгатай 13 хутагтын нэг Содномцэрэн бөгөөд 1937 онд хилс хэрэгт цаазаар авхуулжээ. Мөн аав С.Чимэдбазар нь эцгээсээ хувилгаан чадлыг нь өвлөсөн хүн байсан тул тэднийх нутгийн иргэдийн хөлд дарагдсан айл байсан аж. Ч.Дамдиншаравын ах Ч.Батдорж мөн л чөлөөтийн бөх байсан бол дүү Ч.Насантогтох нь Монголын анхны жүдо, самбо бөхийн мэргэжлийн дасгалжуулагч, анхны Олимпын аваргын багш юм. Монголын бөхийн спортод олон зүйлийн анхдагч болсон тэдний тухай номыг зохиолч Д.Төрмөнх 2018 онд бичсэн байдаг. “Дэлхийд данстай ах дүү хоёр” номыг Монголоос хамгийн олон Олимпын наадамд ажилласан спортын сэтгүүлч, МҮОХ-ны Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ж.Отгонцагаан болон Ц.Одгэрэл нар ариутган шүүсэн юм.

   Монгол улс 1968 онд анхны Олимпын медальтнаа Хөдөлмөрийн хүндэт медаль, 3000 төгрөгөөр шагнаж, гурван жилийн дараа Гавьяат тамирчин, 2008 онд Ардын багш, 2024 онд Хөдөлмөрийн баатар цол хүртээжээ. Өдгөө 79 настай Ч.Дамдиншарав гуай “Хангайн хүчтэн” дэвжээний зөвлөх дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд 1972 оны Олимпын дараагаас дасгалжуулагчийн замналаа эхлүүлсэн юм. Тэрбээр тухайн оны Олимпын наадамд орохын өмнө Монгол, Японы нөхөрсөг бэлтгэлийн үеэр гарын шөрмөсөө гэмтээсэн нь бүрэн эдгээгүй тул Л.Хойлогдорж 52 кг-ийн жинд барилдаж тэр бэлтгэл хангагчаар нь ажиллажээ. Сонирхуулахад, 1971 онд Гавьяат тамирчин болсон жилээ УАШТ-ий аваргын төлөө ах Ч.Батдоржтойгоо учраа таарахад дүү Ч.Насантогтох нь шүүж таарсан гэдэг. Тухайн үед ах нь дүүгийнхээ цолыг хүндэтгэн барилдахаас татгалзаж, ах, дүү гурвын ховор сонин тохиол үзэгчид, тамирчдын аньсгыг чийгтүүлсэн тухай 2017 онд “Өнөөдөр” сонины сурвалжлагчид ярьсан байна.

   Дэлхийд данстай тамирчин, дасгалжуулагч Ч.Дамдиншарав энэ оны тавдугаар сард төрсөн нутаг Өвөрхангай аймгийнхаа төв Арвайхээр суманд нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгээ байгуулсан юм. Мөн "Монголбанк"-наас 2018 онд гаргасан дурсгалын мөнгөн зоосондоо түүний дүрийг мөнхөлж байв. Монголын анхны Олимпын медальтан төрснөөс хойшх 56 жилийн хугацаанд манай улс 17 Олимпод оролцож 15-аас нь нийт 31 медаль хүртээд байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.